Өнгөрсөн амралтын өдрүүдээр Украин улсад үзүүлсэн Оросын агаарын цохилтын улмаас 60 мянган айл өрх цахилгаангүй болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Бямба гарагт Украины төвийн болон зүүн өмнөд хэсгийн нутгуудад үзүүлсэн агаарын цохилтын улмаас 1 хүн амь үрэгдэж, 26 хүн шархдаж, олон хотод орон сууцны болон албан байгууллагуудын олон барилга эвдэрч сүйдсэн байна. Оросын талаас харвасан 45 пуужингийн 38-ыг, 537 дроны 510-ыг нь агаарт амдан устгасан бол Оросын 5 пуужин, 24 дрон Украин улсын 21 байршилд цохилт өгсөн талаар Украины агаарын зэвсэгт хүчин мэдэгджээ.
Түүнчлэн бямба гарагт Украины Львов хотод тус улсын хууль тогтоогч, парламентын дарга асан, 54 настай Андрей Парубий буудуулан нас барав. Украины Ерөнхийлөгч В.Зеленский үүнд харамсаж буйгаа илэрхийлж, түүнийг алсан хэргийг сайтар мөрдөн шалгах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Тэгвэл ням гарагт Оросын тал Украины Одесса болон Чернигов мужийн эрчим хүчний дэд бүтцүүдийг онилон, 142 дроноор довтолжээ. Үүний 126-г нь амдан устгасан ч үлдсэн дронууд байндаа туссаны улмаас дээрх мужуудад 60 мянга орчим айл цахилгаангүй болсон байна. Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросын агаарын цохилтын хариу болгож, ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд томоохон цохилт явуулахаар төлөвлөсөн, хариу цохилт үзүүлэх болно гэдгээ ширүүхэн мэдэгджээ.
Гурван жил хагасын хугацаанд дайтаж буй талууд сүүлийн нэг сарын хугацаанд агаарын цохилтуудаа олшруулсаар байна. Оросын тал Украины эрчим хүч, зам тээврийн системийн дэд бүтцүүдийг онилж байгаа бол Украины зэвсэгт хүчин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон байгалийн хий дамжуулах хоолойнуудыг байгаа болгож байна.
Оросын сүүлийн үеийн агаарын цохилтууд нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дайныг өндөрлүүлэх хүчин чармайлтыг сулруулж байгаа талаар Украины асуудал хариуцсан түүний элч төлөөлөгч Кейт Келлогг мэдэгдсэн бол Ромын пап XIV Лео ням гарагт талуудад хандаж, гал зогсоон яриа хэлэлцээ явуулахыг уриалжээ.