Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Хөрш орнуудын хилийн төмөр замын комиссын зөвлөгөөн өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарт боллоо. Уг хурлаар “УБТЗ” ХНН Хятадын талтай хоногт өргөн царигаар 16 галт тэрэг, нарийн царигаар 10 галт тэрэг хүлээлцэхээр тохиролцов. Өмнө нь манай улс өргөн царигаар хоногт 15 галт тэрэг өмнөд хөршид хүлээлгэн өгдөг байв. Хоногт солилцох галт тэрэгний тоог ийн 1-ээр нэмж, 16 болгосноор манай улс төмөр замаар тээвэрлэх ачаагаа нэмэх боломж бүрдэж байна. Манай улс Хятад руу ачаа тээвэрлэх галт тэрэгнийхээ тоог нэмэх зорилгыг энэ удаагийн зөвлөгөөнөөр тавьж, ийн зорилгодоо хүрлээ.
ОХУ-аас Монгол Улсын нутгаар дамжин БНХАУ руу явах галт тэрэг, Монгол Улсаас гадаад руу гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүн, Монголд ачаагаа буулгаад буцаж буй хоосон чингэлэгтэй галт тэрэг бүгд нийлээд 15 галт тэрэг болдог. 1 галт тэргэнд 50 вагон залгадаг. Хоногт нийт 15 галт тэрэг буюу 750 вагон ачаа Хятад руу гаргадаг гэсэн үг.
1 галт тэрэг буюу 50 вагон нэмснээр манай улс төмөр замаар одоо тээвэрлэж буй ачаан дээрээ нэмж 1.2 сая тн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Энэ нь эдийн засагт дунджаар 1.3 сая ам.доллар оруулна гэсэн үг.

Энэ оны эхний 6 сард Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замаар 8.773.163 тонн ачаа солилцжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 103.3% байна. Сүхбаатар-Наушки өртөөгөөр 4.300.121 тонн ачаа солилцсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 104% байна. Монгол Улсын нутгаар 1823 галт тэрэг энэ хугацаанд дамжин өнгөрч, Оросоос Хятад руу дамжин өнгөрсөн галт тэрэг 15%-иар нэмэгджээ.
8-р сарын 25-29-нд 5 өдөр үргэлжилсэн энэ зөвлөгөөнөөр хөрш орнууд галт тэрэг солилцох, ачаа тээврээ зохион байгуулах, вагон хүлээлцэх, тариф, тооцооны асуудлаа хэлэлцсэн юм. Монгол, Хятад, Оросын төмөр замчид 2023 онд Эрхүүд, 2024 онд Хөх хотод зөвлөлдсөн бол өнөө жил Улаанбаатарт цугласан. Дараа жилийн зөвлөгөөн хуваарийн дагуу хойд хөршид болно.
