Туул гол Заамар сум, Эг гол Хантай, Онон гол Дадал орчимд усны түвшин өнөөдрийн байдлаар өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгджээ. Улз гол Дашбалбар орчимд үерийн түвшин 9 см, Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна.
Маргааш төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: 9-р сарын 03-нд нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.