Өнөөдөр Монгол хэлний өдөр


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017.08.25-нд зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 1-нийг Эх хэлний өдөр болгон зарласан юм. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон язгуур соёл, өв уламжлал, төрт ёсны түүхээ дээдлэн хамгаалж, төрийн албан бичиг баримтыг хуульд нийцүүлэн хөтлөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх хэл, түүх соёлоо сурталчлах, иргэн бүр төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж, зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор энэ өдрийг Монгол Улс даяар тэмдэглэж байна.

Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичгийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэхэд Эх хэлний өдөр чухал ач холбогдолтой.

Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд 9-р сарын 1-нд хичээлийн эхний цагийг монгол хэл, Монголын уран зохиол, Монголын түүхийн сэдвээр явуулдаг болсон.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн маань өв их эрдэнэ

Орчин цагт бид гадаад хэл эзэмшиж, XXI зууны соёлын түрэлт, түрэмгийлэл давтахын хэрээр монгол хэлнийхээ унаган төрхийг алдагдуулсаар байгаа. Эх хэлний хэрэглээний цар хүрээ хумигдаж, хэвлэл мэдээллийн орчны монгол хэлээр харилцаж, энэ нь монгол хэлний үгийн сангийн бүрэн төлөөлөл мэт болжээ. Хэл үгүй бол үндэстэн мөхдөг хүн төрөлхтний гашуун сургамж байна.

Хэл, хэлээ дагасан сэтгэхүй, сэтгэлгээг хөгжүүлж, улс орныхоо нэгдмэл байдлыг хангах нь монгол төрийн бодлогын үндэс, суурь юм. Монгол хэл бүтэн байж Монголын ард түмэн, Монгол төр энх оршино.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *