Энэ жил 78 мянга 567 сурагч нэгдүгээр ангид элсэн орлоо. Хүн амын хэт төвлөрөл бүхий нийслэл хотын хувьд ачаалал ихтэй сургуулиудын нэг нь Баянгол дүүргийн 141-р сургууль юм. Тус сургуульд энэ жил 630 гаруй хүүхэд нэгдүгээр ангид орж байгаа бөгөөд 9 бүлэгт хуваахад 1 ангид 70 хүүхэд ногдож байна. Гэтэл бага ангиудын багтаамжаас шалтгаалж, 1 ангид 40-45 хүүхдийн сандал ширээ багтаах бололцоотой гэдгийг багш нар мэдэгдэж байлаа.
Энэ асуудлыг хэрхэн шийдсэнийг сурвалжлахаар өчигдөр тус сургуульд очив. 1Г ангийн багш “Бүртгүүлсэн 70 гаруй хүүхдээс өнөөдөр 44 нь ирж, 2 ширээнд 3 хүүхэд суулгасан. Хэрэв бүртгүүлсэн бүх хүүхэд ирсэн бол ангид багтаж суух ч бололцоо байхгүй. Сандал, ширээ ч хүрэлцэхгүй. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ирээгүй сурагчдыг хувийн сургуульд элссэн байгаасай гэж битүүхэн найдаж байна. Хэрэв бүртгүүлсэн 70 хүүхэд бүгдээрээ хүрээд ирвэл сургууль дахин анги нэмэхээс өөр аргагүй болно” гэж ярилаа.

Нийтдээ 960 гаруй хүүхдийн багтаамжтай барьсан 141-р сургуульд өнөөдөр 5000 гаруй хүүхэд бүртгүүлж, сургуулийн ачаалал стандартаас даруй 5-6 дахин нэмэгджээ. Гэсэн ч салбар хариуцсан яамнаас зохицуулалт хийсэн зүйл одоогоор алга. Хичээл эхлэхээс 2 хоногийн өмнө Боловсролын сайд Р.Наранбаяр 141-р сургуулийн анги танхимын хүрэлцээгүй байдлыг шийдэхийн тулд ойролцоо байрлах СU-гийн байрыг түрээслэх тухай “ам ангайсан” ч хичээлийн шинэ жилийн эхний өдөр шийдсэн шийдэл алга байлаа. Нэгэнт харьяаллын дагуу бүртгүүлсэн сурагчдаа хичээл завсардуулахгүйн тулд сургууль 3 ээлжээр хичээллэж байгаа ч харьяаллын бүх сурагчаа сургуульдаа багтаах анги танхим хүрэлцэхгүй гэдгийг багш нар учирлаж байлаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын 141-р сургуулийн тухайд 1 ангид 70 гаруй хүүхэд хуваарилагдаж байгаа нь шинэ асуудал биш. Жилийн жилд л нэгдүгээр ангид хэт олон сурагч бүртгүүлдэг бөгөөд өнгөрсөн жилүүдэд зөвхөн нэгдүгээр ангийн 10-12 бүлэг нээсэн удаа ч цөөнгүй бий. Өнгөрсөн жил “Коёо таун”-д улсаас барилга түрээсэлж, 141-р сургуулийн өргөтгөл байгуулсан ч уг өргөтгөл тус сургуулийн хэрэгцээг хангаж чадаагүй байна.
Өнөө жил уг өргөтгөлийг түрээслэх асуудал оройтож шийдэгджээ. Үүнтэй холбоотойгоор багш ажилтнууд 9-р сарын эхний хагаст офиссын зориулалттай барилгыг сургалтын танхим болгон засжээ. 2025-2026 оны хичээлийн жил эхлэхэд багталцахгүй байгаа анги танхимын хүрэлцээг СU-гийн салбарыг түрээсэлснээр шийдвэрлэж чадахгүйг сургуулийн багш нар мэдэгдэв.

Монгол Улсын хүн амыг тоолж бүртгэдэг 2 том агентлаг буюу ҮСХ, УБЕГ гэж бий. Манай улсад орчин цагийн боловсролын систем үүсээд 104 жил болж байна. Энэ цагаас хойш жил бүр 9-р сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлж, багачууд сургуульд ордог болоод 104 жил болж байна гэсэн үг.
Гэвч Монгол Улсын боловсролын салбар хичээлийн шинэ жил эхлэх бүрд бэлтгэлгүй, сургуулийн багтаамжийн асуудлаа шийдэлгүй явсаар ирсэн түүх ч 2025-2026 оны хичээлийн жилд ахин давтагдлаа. Салбар хариуцсан сайд П.Наранбаярын хувьд ч шинэ сайд биш. Тэгвэл боловсролын салбар хэзээ хичээлийн шинэ жилд бэлтгэлтэй болж, шинэхэн сурагчдыг стандартын дагуу сургах бол? Голдрилдоо ороход 104 жил хангалттай биш гэж үү, П.Наранбаяр сайд аа?