Өнгөрсөн ням гарагт Афганистан улсын зүүн хэсгийн Жалабад хотын орчимд 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөсний улмаас 800 гаруй хүн амь үрэгдэж, 2500 орчим хүн бэртэж гэмтсэн талаар Талибаны засгийн газрын ахлах хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид даваа гарагт мэдэгджээ.
Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан дийлэнх хүн Кунар мужийн иргэд, оршин суугчид байсан талаар дээрх мэдэгдэлд дурьджээ.
АНУ-ын Геологийн судалгааны газрын тооцоо мэдээллээр газар хөдлөлтийн голомт Жалабад хотоос зүүн хойд зүгт 27 км-т, 8 км газрын гүнд байсан байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнээр газар хөдлөлтийн чичирхийлэл тус улсын зүүн нутгийн Кунар болон Нангархар мужийн олон жижиг хот, тосгодод мэдрэгдэж, хохирол учруулсан байна.

Хөнөөлт газар хөдлөлтийн улмаас мөн уулан дээрх орших жижиг тосгод тэр чигээрээ сүйдэж, тоосго, бетон, модоор барьсан, энгийн хийцтэй байшин барилгууд олноороо сүйдээд байна.
Зүүн Афганистаны мужууд уулархаг, алслагдмал оршдог тул газар хөдлөлтийн дараахь гамшиг зохицуулалт, түргэн тусламж, аврах албаныхан, хүмүүнлэгийн туслалцаа зэргийг хүргэхэд маш хүндрэлтэй байгаа ажээ.
Зэргэлдээх Нангархар мужийн нисэх онгоцны буудлаас бэртэж гэмтэгсдийг онгоцоор зөөвөрлөж байгаа ба эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул хохирлын тоо хэмжээнд өдөр бүр өөрчлөлт орно гэдгийг эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди хэлэхдээ, ням гарагийн газар хөдлөлт нь Афганистан улсад хэдийнээ тулгараад байсан хүмүүнлэгийн сорилтыг улам хурцатгасныг онцолж, олон улсын хандивлагчдыг тусламжийн гараа сунгахыг уриалав.