Б.Найдалаа: Монголын улс төрийн намууд хөгжлийнхөө дараагийн үе шатандаа орж байна


Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаатай ярилцлаа.

————————————————————

-Таны хувьд өнгөрсөн хаврын чуулган хаахтай зэрэгцээд шахам шинэ байнгын хорооны дарга болсон. Байнгын хорооныхоо ажилтай танилцаж, ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-УИХ-ын зарим байнгын хороог энэ хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцээд өөрчилсөн байгаа. Хуучин Боловсролын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороог нэгтгээд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороог байгуулсан. Энэ нь УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд тусгасан байгаа “Хүн төвтэй хөгжлийн бодлого”-той шууд холбоотой. Ер нь хүн рүүгээ чиглэсэн хөгжлийн бодлогыг илүү оновчтой болгохын тулд байнгын хорооны нэршил болон агуулгыг ингэж өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь яам бүр өөрийн салбараа хариуцаад явдаг байсан бол одоо УИХ хандлагыг нь хүн рүүгээ чиглүүлье гэсэн хүсэл зорилготой байгаа юм. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо гэхээр соёл, боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудал ч орно. Учир нь эдгээр бодлогууд дандаа хүн рүүгээ чиглэсэн байх ёстой. Мөн зарим ажлыг битгий давхардаж хийгээсэй. Эсвэл ганцхан Соёлын төв, сургууль бариад явдаг биш, асуудлыг нэгтгэе гэсэн байдлаар манай хороог байгуулсан байгаа.

-Хамрах цар хүрээ нь өмнөхөөсөө хамаагүй томорсон гэж ойлгож болох нь ээ?

-Хамрах цар хүрээ нь томорсон. Хуучин байсан хоёр байнгын хорооны хариуцдаг асуудлууд нэгдсэн гэсэн үг. Гэхдээ хамгийн том зарчмын ялгаа нь Хүний хөгжил гэж толгойд нь холбосон. Хүний хөгжилтэйгөө бусад асуудлуудаа аль болохоор уяж шийдэх хэрэгтэй.

-Тэгвэл танай байнгын хорооноос энэ намрын чуулганаар ямар ажил хийхээр төлөвлөж, ямар хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлэхээр байна вэ?

-Шинэ байнгын хороо байгуулсан. Мэдээж хэрэг хамгийн чухал ажил бол улсын төсөв. Намрын чуулганы үндсэн гол ажил бол ирэх оны улсын төсөв байдаг. Өнөөдөр (өчигдөр) улсын төсвийг өргөн барьж байх шиг байна. Түүнтэй холбоотойгоор дээр дурдсан дөрвөн салбарын хэмжээнд төсөв яаж батлах, хэрхэн уялдуулах вэ гээд гол хэлэлцүүлэг болох болов уу гэж бодож байна. Дээр нь нэмээд салбар яамдтайгаа ямар, ямар хуулийн төсөл байгаа вэ гэдэг дээр ярилцаж байгаа. Ер нь байнгын хорооны үндсэн зорилго бол тухайн чиглэлийн яамаа дэмжих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, шаардлагатай шийдвэр тогтоолыг нь гаргаж өгөх байдаг. Тийм болохоор байнгын хороо бол УИХ-ын чуулганы маш чухал бүтэц. Гишүүд нь мэргэшсэн байх ёстой. Нэгдсэн хуралдаан дээр гэхээсээ илүүтэй байнгын хороон дээр гишүүд нь илүү мэргэшсэн, асуудлаа уншиж, судалсан, улмаар хэлэлцэж ярилцсан байх ёстой. Тийм болохоор энэ чиглэлээр л ажиллана даа.

-Та сая яриандаа байнгын хороо бол тухайн чиглэлийн яамаа дэмждэг байх ёстой гэж хэллээ. Гэтэл яг салбарынх нь асуудлыг хэлэлцэх болохоор сайд нь байнгын хороо болон чуулганы хуралдаан дээр суудаггүй асуудал их гардаг. Энэ уялдаа холбоог хэрхэн сайжруулах вэ?

-Яг зөв, чуулганы хуралдаан дээр ийм шүүмжүүд их гарч байгаа. Ил тодоор гишүүд ч ярьсан, УИХ-ын дарга ч хэлсэн. Салбарынх нь асуудал орж байгаа л бол сайд нь хуралд суух л ёстой байх. Гэхдээ хамгийн гол нь асуудлаа бэлдэх юм. Мөн байнгын хорооны үндсэн үүрэг бол УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг нэгдсэн хуралдаанд бэлдэх байдаг. Тэгэхээр урьдчилж уншиж судлаад, гишүүддээ мэдэгдээд сайд нь өөрөө төлөөлөөд албан ёсоор танилцуулаад гишүүдэд хангалттай мэдээллийг өгсөн байх ёстой. Хамгийн гол нь асуудал нь бэлэн биш болохоор хүмүүс сайд нь хаана байна гээд асуугаад байгаа юм. Энэ чинь мэдээлэл дутуу, хариулах хүн олдохгүй байна л гэсэн үг.

-Улс төрийн намуудын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор намууд дүрмээ шинэчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Саяхан Ардчилсан нам даргаа сонгочихлоо. Танай нам ч гэсэн Их хурлаа ирэх сард хийх байх. Намынхаа Их хуралд хэрхэн, яаж оролцохоор бодож, төлөвлөж байна вэ?

-ХҮН намын хувьд шинээр батлагдсан Улс төрийн намуудын тухай хуультай уялдуулан дүрмээ шинэчлэх асуудал байгаа. Үүнийгээ бид төлөвлөсний дагуу 10 дугаар сард хийнэ. Мөн энэ жил ХҮН намын үүсэн байгуулагдаж, шинэчлэн зохион байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа. ХҮН нам гэж гарч ирээд, олны итгэлийг аваад, сайн муутай ажилласаар яваагийн 10 жилийн ой юм. Үүн дээр алдаа, оноо юу байна. Цаашдаа Монголын улс төрийн орчин нөхцөлд хоёр намаас гадна гуравдагч улс төрийн хүчин, гурав дахь тулгуур нь сайн байхын тулд ямар намын дүрэм, бодлого хэрэгжүүлэх ёстой юм. Улс төрийн орон зай, дэмжигчдийн итгэлийг алдахгүй ажиллах, Монгол Улсын хөгжил, бодлогыг тодорхойлох, улс төрийг эрүүл байлгахад ХҮН намын оролцоо юу юм гэдэг талаар намынхаа Их хурлаар ярилцана гэж бодож байгаа. Мэдээж Их хурлын гол зорилго бол намын шинэчилсэн дүрмийг батална. Түүнийгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Зөвхөн ХҮН нам гэлтгүй Монголын улс төрийн намууд хөгжлийнхөө дараагийн үе шатандаа орж байна гэсэн үг. Энэ бол Монголын улс төрийн орчинд гарч байгаа нэг томоохон алхам, шинэчлэл юм. Өнгөрсөн сонгуулиар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй парламент бүрдүүлсэн. Үүн дээр өмнөх парламентуудаас ахиц гарсан гэж үзэж байгаа. Үүнийх нь бас нэг давлагаа нь энэ улс төрийн намуудын шинэчлэл байгаа юм. Энэ бол 1990 оноос хойш явж амжаагүй шинэчлэл явж байгаа гэж харж байна. Одоо улс төрийн намууд дүрмээ яаж өөрчлөх нь сонирхолтой. Дараа, дараагийн улс төрийн өнгийг тодорхойлох зүйл байх болно.

-Ардчилсан нам энэ удаагийн даргын сонгууль, мэтгэлцээн нь улс төрийн намуудын дарга нарын сонгуульд нэг шинэ жишгийг тогтоолоо гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тэгэхээр танай нам энэ удаад даргын асуудал яригдах уу?

-Одоогоор даргын асуудал яригдсан зүйл байхгүй. Даргыг солихын тулд тодорхой хэмжээний хариуцлага тооцох, үр дүнг нь үнэлэх ажил байна биз дээ. Тэгэхээр ХҮН намын гишүүд санал нэгтэй, би ч итгэлтэй байгаа.

Өмнө нь нэг суудалтай байсан улс төрийн нам өнөөдөр найман суудал авсан. Тийм болохоор улс төрийн хувьд алдаа, хариуцлага тооцох зүйл болоогүй. Харин цаашдаа намаа яаж хөгжүүлэх вэ. Бүтэц зохион байгуулалтаа хэрхэн өөрчлөх тухай асуудал яригдана.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *