Иргэн Э.С мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан, улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогджээ. Уг бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан аж. 126,1 грамм бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж энэ хэргийг шалгасан цагдаагийн байгууллага тогтоожээ.
Түүнтэй хамт У.М гэх хүнийг прокурор энэ хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2,3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1 /Хулгайлах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.