Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Засгийн газраа ээлжит бусаар хуралдуулсны дараа танхимын сайд нартайгаа хамт сэтгүүлчдэд 2026 оны төсвийн төслийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Засгийн газар өчигдөр Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Эрүүл мэндийн салбарт 2025 онд 238.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 2026 онд 1.3 их наяд болгож, 5.5 дахин нэмсэн. Хавдар судлалын үндэсний төв-2-ыг барьж байгуулъя. Робот мэс заслын тоног төхөөрөмж худалдаж авъя. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд их засвар хийж, барилгыг нь хүчитгэе. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулъя. Булган аймагт 100 ортой нэгдсэн эмнэлэг барина. 17 эмнэлэг яаралтай барья. 19 эмнэлэг шинээр ашиглалтад оруулъя. Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг 49.7 тэрбумаар сайжруулъя. Энэ мэтчилэн монгол хүн эрүүл аж төрөх нөхцөл боломжийг хангасан төсвийн шийдэл боловсрууллаа.
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмлээ. 2025 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалт 513.3 тэрбум байсан бол 2026 онд 1 их наяд төгрөг болгож нэмлээ. Ингэснээр 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байртай болно. Эдгээрт 66.7 тэрбум төгрөгөөр тоног төхөрөмж авна. Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 тэрбум төгрөг нэмж төсөвлөлөө.
Төсвийн хуультай хамт НӨАТ-ын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Дэлхий дахинд эдийн засаг уналттай, тарифын дайнтай, эгзэгтэй хэцүү үе байгаа ч НӨАТ-ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлж, 1 сая хүртэлх төгрөгийн худалдан авалтад 5 хувийн буцаан олголт олгоно. 2027 оноос НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно. Ингэж үе шаттайгаар татварын ачааллыг багасгаж, чинээлэг дундаж давхаргаа дэмжинэ.
НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор тодотгоход, сард 800 мянган төгрөгийн худалдан авалт хийхэд 80 мянган төгрөгийн НӨАТ төлнө. 2 хувьд 16 мянган төгрөг буцаан авдаг байсан бол 40 мянган төгрөг авна. Ирэх жил 100 хувь буюу 80 мянган төгрөг буцаан авдаг болно. Нэг саяас дээш бол НӨАТ-ын буцаан олголт 2 хувь хэвээрээ. Нийт иргэдийн 75 хувь нь сард нэг сая хүртэлх төгрөгөөр худалдан авалт хийж байгаа. Тийм учраас 75 хувьдаа ээлтэй буюу шатлалтай НӨАТ хэрэгжүүлнэ.
Сарын 800 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас 100 хувь чөлөөлнө. Жишээлбэл: 1.5 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 800 мянгад 0, үлдэж байгаа 700 мянгад 10 хувь буюу 70 мянгыг төлнө.
Жижиг, дунд үйлдвэрийн татварын ачааллыг багасгана. Нийт 2.5 тэрбум төгрөгийн орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ. Хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгоно.
Банкан дахь дансыг хааж, татвар төлүүлдэг байсан бүдүүлэг зохицуулалтыг хална. Дансыг нь хаах бус, тэнд орж ирсэн мөнгийг татварт суутгадаг шинэ зохицуулалт үйлчилнэ. Энэ бүхний үр дүнд далд эдийн засаг ил болно. Татварын бааз суурийг өргөжүүлж, татварын ачааллыг жигд болгоно.