Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейены зорчиж явсан нисэх онгоцны навигацийн системд саад болох оролдлого гарч, үүнд Европын Комиссын зүгээс Оросын талыг сэжиглэн буруутгасан байна.
Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Арианна Подеста мэдэгдэлдээ, энэхүү үйл явдал өнгөрсөн ням гарагт Урсула фон дер Лейеныг Болгар улсад газардахын өмнө болсон бөгөөд түүнийг ямар нэгэн аюул эрсдэлгүй Пловдивын нисэх онгоцны буудалд газардсан болохыг мэдээлжээ.
Мөн тэрээр “навигацийн системд хөндлөнгөөс саад учруулах оролдлогыг Оросын талаас хийсэн хэмээн сэжиглэж буй мэдээллийг Болгар улсын эрх баригчдаас бидэнд өгсөн” хэмээн нэмж хэлсэн байна.
Европын Комиссын зүгээс фон дер Лейены айлчлалд зориулж хөлсөлсөн тусгай үүргийн онгоцны GPS систем ажиллагаагүй болсон тул газарт суурилсан навигацийн тусламжийг (ILS) ашиглан газардах хувилбарыг холбоогоор тавьж, аюулгүй буулгасан талаар Болгар улсын засгийн газраас гаргасан хэвлэлийн мэдээнд дурьджээ.
Харин Их Британийн The Financial Times сонин дээрх үйл явдлын талаарх мэдээ нийтлэлдээ GPS системийн ажиллагаа доголдсоны дараа онгоцны нисгэгч нар хэвлэмэл газрын зураг ашиглан Пловдивын нисэх онгоцны буудалд амжилттай газардаж чадсан болохыг онцолж, энэхүү мэдээлэлдээ нэрийг нь нууцалсан албаны эх сурвалжийг эш татсан байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх мэдээллийн талаарх The Financial Times сонины асуултад хариулахдаа тэдний авсан мэдээлэл “буруу” байна гэжээ.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен эдгээр өдрүүдэд ОХУ-тай хөрш зэргэлдээ орших, “фронтын шугамын” Латви, Финланд, Эстони, Польш, Литва, Болгар, Румын улсуудаар албан айлчлал хийж байгаа бөгөөд түүний айлчлалын зорилго нь батлан хамгаалах, аюулгүй байдлын чадавхаа нэмэгдүүлэхэд оршиж байна. Тэрээр Болгар улсад айлчлах үеэрээ Болгарын ерөнхий сайд Росен Желязковын хамт Сопот хот дахь зэвсгийн үйлдвэрт зочилж танилцсан байна.
Сүүлийн жилүүдэд нисэх онгоцны GPS системийг доголдуулах явдал олон гарах болсон бөгөөд зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар Балтийн тэнгисийн орнууд, Финланд, Болгар зэрэг улсуудад онгоцны навигацийн систем доголдсон олон мянган тохиолдол бүртгэгджээ.
Энэ төрлийн хэрэг явдлууд бүртгэгдэж буй байршлаар нь Европын зүгээс Москваг буруутгаж, эмх замбараагүй байдал үүсгэх замаар Европын аюулгүй байдлыг алдагдуулах Кремлийн стратегид нийцэж байна хэмээн гомдоллож, Москва ч үүнийг нь тогтмол няцаасаар ирсэн юм. Гэвч нисэх онгоцны GPS-ийг санаатайгаар доголдуулсан гэх хэрэгт үнэхээр Орос буруутайг нотлох баримт одоогийн байдлаар хараахан тогтоогдоогүй байна.