Ж.Энхбаяр: Хүнс, арьс шир, ноос, ноолуурын томоохон үйлдвэр бариад дуусаж байна


Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Засгийн газрын гишүүдтэйгээ хамт Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон эдийн засгийн салбаруудад баримтлах бодлогоо сэтгүүлчдэд танилцууллаа. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувиар өссөн. Үүний 3.6 хувийн өсөлтийг хөдөө аж ахуй дангаараа бүрдүүлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нийт шинээр 58 мянган ажлыг байр бий болгож чадсан байна. Энэ тоон эерэг үзүүлэлтүүд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар IV”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөр үр дүнгээ үзүүлж буйг илтгэж байна.

Монгол Улсын 2026 оны төсөв дээр хувийн хэвшлээ дэмжсэн энэ бодлогын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Салбарын хэмжээнд хувийн хэвшилд бизнесийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олголтыг нэмэгдүүлэх төсвийн бодлого баримтална. Яамны өөрийн хийх хөрөнгө оруулалт, зардлыг бууруулж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүддээ олгох зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төсөв төсөлд тусгасан. Салбарын өсөлт ирэх 2026 онд хадгалагдана гэсэн эерэг хүлээлттэй байгаа. Жишээлбэл, махны экспортыг эрчимтэй нэмэгдүүлж байна.

Махны экспортыг ямар нэгэн хорио цээргүй өргөтгөж байгаа. Монгол Улсын бэлчээрийн даац 25 сая толгой малаар хэтэрсэн. Энэ жил нутаг орны 70 хувь гандуу буюу бэлчээрийн даац хүрэлцээгүйн улмаас 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай.

Ургацын урьдчилсан баланс гарсан. Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана. Мал, гахай, тахиан тэжээл, спиртийн улаанбуудайг импортоор хангах бодлого баримталж байна. Ноос, ноолуурын салбарт “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улс дотоодын ноолуураа 100 хувь худалдан авч, бүрэн угааж, самнадаг болсон. Зөвхөн самнах шийдвэр гарсантай холбоотойгоор ноолуур боловсруулах салбарт 700 гаруй тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий боллоо. Олон үйлдвэрт гадаадын хөрөнгө оруулалт орж ирлээ. Хүнс, арьс шир, ноос, ноолуур боловсруулах хэд хэдэн томоохон үйлдвэр бариад дуусаж байна. Энэ намар эхний үйлдвэрүүд нээлтээ хийн, үйл ажиллагаа явуулж эхэлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *