Малчдад мөнгө зээлүүлэх замаар найр тавьж эхлэв үү?


Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн Ховд аймагт тэр тусмаа Мянгад сумын оюутнуудын дунд 2 сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Түүнчлэн Мянгад сумын малчин өрхүүдэд зориулсан хоёр сая төгрөгийн хүүгүй зээл санаачилж байгаа гэнэ. Энэ нь малчид, оюутнуудад таатай мэдээ байж болох ч нөгөө талаар газар нутагтай холбоотой заль байхыг ч үгүйсгэх аргагүй байна. Тухайлбал энэ бүгдийг Халзанбүрэгтэй ордын төслийг үргэлжлүүлэхээр нутгийн иргэдэд найр тавиад эхэллээ гэх зэргээр ярьж эхлэв.

Гэвч хэрсүү ховдчууд ийм башир аргад автахгүй гэдгээ цахим орчинд илэрхийлж, нэгэндээ уриалж байна. Малчдын хувьд мөнгө зээлүүлэх замаар барьцаалж, газар шороог нь ухах гэж байна хэмээн сэтгэгдэл бичжээ. Хэрвээ асуудал даамжирвал “Халзанбүрэгтэй” газрын ховор элементийн төслийг эсэргүүцсэн нутгийн иргэд ойрын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандана гэв.

Халзанбүрэгтэй ордын нөөцийг 1983 оноос судалсан бөгөөд 2004 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Ингэхдээ Бортолгой, Архүрэн, Халзанбүрэгтэй нэртэй газруудад 400 гаруй га талбай ашиглах тусгай зөвшөөрлүүдийг “Монголиа нэшнл рийр ийрт корп” ХХК-д олгож, тус компани энэ оноос олборлолтоо эхлүүлэх болсон. Харин газрын ховор элементийн “Халзанбүрэгтэй” төслийг нутгийн иргэд эхнээсээ эсэргүүцсэн нь үр дүнд хүрч, өдгөө төсөл зогссон байдалтай байна. Эргэн санавал 2024 оны намар, 2025 оны хавар иргэдийн хүчтэй эсэргүүцэл өрнөж, төслийг хэрэгжүүлэгч компанийн ажилчдын гэрийг буулгаж, машин техникүүдийг нь хөөж байсан юм.

“Газар шороогоо хамгаалъя. Одоо байгаа хэвээр нь авч үлдье” гэсэн ховдчууд фэйсбүүкээр өөр хоорондоо холбогдож, мөнгөний төлөө байгаль орчноо бохирдуулахгүй гэж тэмцлээ эхлүүлсэн байдаг. Үүнээс хойш байдал намжсан ч олон зуун пост, мэдээлэл, иргэдийн гомдол өдгөө ч хөвөрч байна. Ямар сайндаа Ховдын иргэд “Халзанбүрэгтэй” төслийн талбай руу том машин олноороо зүглэх, хажуу хавиар нь өнгөрөхөд “Газар шороогоо ухуулахгүй шүү” гээд сандарч, өөр хоорондоо мэдээлэл солилцож, хурдан цугладаг болжээ. Ховдын сошиал сувгаар бичиж байгаа пост, сэтгэгдэл зэргүүдээс ажиглавал тэдний дийлэнх нь энэ төслийг эхлүүлэхийг эсэргүүцсэн байна. Өөрөөр хэлбэл, ховдчууд “Халзанбүрэгтэй” төслийг хэзээ ч эхлүүлэхгүй гэдэгт бат зогсож байсан гэсэн үг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *