О.Цогтгэрэл багаа шал өөрөөр бүрдүүлнэ


О.Цогтгэрэл АН-ын дарга болсноор УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудал суларч, тэнд суух гэсэн гишүүдийн амбийц хөдөлж байна. Намрын чуулганыг тус намын бүлэг шинэ даргатайгаар эхлүүлнэ. Бүлгийн дарга болох гэсэн гишүүдийн гүйдэл тус нам дотор идэвхжиж, 42 гишүүнийхээ хэдийг нь хэн талдаа татах вэ гэсэн өрсөлдөөн өрнөлөө.

Юу болоод өнгөрөв

Тус нам доторх фракцуудын нөлөө өөрчлөгджээ. Х.Баттулгын МоАХ, Н.Алтанхуягийн “Алтангадас”, З.Энхболдын “Шонхор”, Ц.Тувааны “Нэг Монгол”, Лу.Гантөмөрийн “Нэг ардчилал” гэсэн 5 бүлэглэлд атгуулдаг цаг өнгөрч, Х.Баттулга, Н.Алтанхуяг, З.Энхболдын нөлөө суларсныг АН-ын даргын сунгаа, сонгууль харууллаа. “Нэг ардчилал”, “Морьтон”, “Нэг Монгол” одоо энэ намд нөлөөтэй бүлэглэл болжээ.  

О.Амгаланбаатар, П.Батчимэг, С.Одонтуяа, Э.Одбаяр, Б.Жаргалан, О.Цогтгэрэл, Ц.Туваан, Х.Тэмүүжин нар “Нэг Монгол”-ынх. Тэд энэ удаад “Нэг ардчилал”-ын Лу.Гантөмөрөөс намынхаа тамгыг авч, намдаа нөлөөгөө тогтоов.

Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Г.Очирбат, Б.Жаргалан, П.Мөнхтулга нарын гишүүнтэй “Морьтон” фракц энэ удаад О.Цогтгэрэлийг АН-ын дарга болоход даамай гавьяа байгуулсан сурагтай.

 1980-аад оны залуус улс төрд хүч түрэн орж ирж байгаа. АН, МАН-аас эхлээд, аль ч намд энэ үеийнхэн манлайлдаг болж байна. “Морьтон”-гоос О.Алтангэрэл энэ удаад АН-ын дарга болох нэр дэвшигчид дунд Хөрөнгө хураах хуулийг дэмжих, авлигатай тэмцэх хүн байхгүй байвал нэр дэвшихээ мэдэгдсэн ч цагаа тулахад дэвшээгүй. Хөрөнгө хураах хуулийг дэмжих, авлигатай тэмцэх хүмүүс нэр дэвшигчид дунд байна гэж үзсэнийх үү, О.Цогтгэрэлийг фракцаараа дэмжсэн шиг дэмжихээр тохирсных ч байж магад.

МАН-ынх шиг бүтцээ өөрчилж, АН-ын гэсэн бүтэц бий болгох нь

“Морьтон” клүбийн гишүүн байсан Ө.Шижир “Морьтон” фракцад харьяалагдахаа больсон уу, яасан, тус бүлэглэлийн бодлогыг сөрж, намын даргын сонгуульд өрсөлдөв. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байгаад З.Энхболдыг ажлаа өгөхөд ЕТГ-ын дарга болсон тэрээр энэ удаад өнөөгийн “Хөх туг”, хуучны МоАХ-г төлөөлөв. Гэсэн ч АН дотор тус фракцын нөлөө суларчээ.

О.Цогтгэрэлд Үндэсний бодлогын хорооны 314 гишүүнээс 196 нь санал өгсөн. Тэгвэл 8-р сарын 18-нд ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Б.Түвшин, С.Эрдэнэболд нарын өгсөн шаардлагад ҮБХ-ны 168 гишүүн гарын үсэг зурсан байв. Тэдэн дээр УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын сул нөхөд нэмэгджээ. О.Цогтгэрэлийг намын даргын сонгуульд өрсөлдөхөд дээлийнх нь захыг мушгисан “Нэг Монгол”-ыг “Морьтон” болоод фракцгүй сул гишүүд дэмнэснээр 196 гарын үсэг бүрдсэн юм байна.

Юу болох бол   

“Нэг Монгол”-оос энэ намын дарга сонгогдлоо. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга “Морьтон”-гоос тодрох магадлал өндөр. Тиймээс “Морьтон” дундаасаа нэгийгээ УИХ дахь АН-ын бүлгийн даргад өрсөлдүүлэхээр тогтжээ. Тиймдээ ч Б.Жаргалан, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү нар бүлгийн даргад өрсөлдөх тухай яригдаж эхэллээ. Тэд бүгдээрээ биш гэхэд, нэг нь дэвших биз. Харин Барилга, хот байгуулалтын сайд асан Ж.Батсуурийг зүтгүүлж байгаа сурагтай. Түүнийг дарга болгох нь баттай гэх сураг ч дуулдав.

“Гранд Монгол” фракцаас АН-ын даргын сонгуульд өрсөлдсөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дэд даргын суудлаа дээшлүүлэх гээд барсангүй. Гэсэн ч тэр одоогийн суудлаа хадгалж үлдэх төлөвтэй.

Э.Одбаяр УИХ-ын сонгуулийн дараа тус намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг Н.Ганибалд шилжүүлсэн. Э.Одбаяр их хурлын гишүүн болсон тул сонгуульд өвдөг шороодсон фракцын даргадаа генсекийн албаа өгч байв. Тэд “Нэг Монгол”-ынх. “Нэг Монгол” энэ удаад О.Цогтгэрэлийг дэмжиж, ялалтад хүргэсэн тул АН-ын генсекийн суудал солигдохгүй, Н.Ганибалын суудал ганхахгүй.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга “Морьтон”-гоос тодрох магадлал өндөр

АН-ын ҮБХ 504 гишүүнтэй. Гэвч УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар олон хүний суудал суларч, одоо 393 гишүүнтэй үлджээ. Үүнийгээ сая нэг юм бөглөв. Гэхдээ нэг юм бий. Аймаг, дүүрэг дэх АН-ын даргаар хэнийг тавих вэ гэдэг бол зүгээр нэг дарга сонгох тухай асуудал биш. УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгуульд тэр аймаг, дүүргээс намынхаа нэр дэвшигчийг ялуулж чадах хүнийг даргаар тавих шаардлагатай байдаг. Аймаг, дүүрэг байтугай сумын намын даргад ч энэ нь хамаатай. Үүнийг О.Цогтгэрэл хэнээр хэлүүлэлтгүй мэдэх ч фракцуудынхаа эрх ашгийг бодолцох ёстой болно. Хамтын шийдвэр гаргадаг намд энэ бол хамгийн их хамаатай асуудал.

АН-ын дарга О.Цогтгэрэл “Баг бүрдүүлэх бодлогынхоо бүтцийг эргэж харна. АН ер нь МАН шиг бүтэцтэй. Орчин үежсэн, технологижсон, биг датан дээр ажиллах гээд бүтцийн зураглалаа хийнэ. Үүнд таарсан хүний нөөц ажиллуулна. Ийм зохион байгуулалт залуучуудад илүү ээлтэй” хэмээн мэдэгдлээ. Тэгэхээр АН-ын шинэ дарга багаа бүрдүүлэхдээ өмнөх дарга нар шигээ хандахгүй ажээ. МАН-ынх шиг бүтцээ өөрчилж, АН-ын гэсэн бүтэц бий болгох нь. Түүнд нь залуучууд түлхүү ажиллаж, АН-д стратеги төвтэй манлайлагчдыг бий болгох юм байна. Үүний үр дүнд энэ нам инститүц болох гэнэ дээ.

Өнөөг хүртэл АН сонгуульд ялагдаж ирсэн шалтгааныг стратегийн манлайлал үгүй, инститүц болоогүйтэй холбон тайлбарласан О.Цогтгэрэл АН-ыг бодлогын судалгааны байгууллага болгох юм байна. Болтугай!


One response to “О.Цогтгэрэл багаа шал өөрөөр бүрдүүлнэ”

  1. Энэ жаргалан гэж тэнтийсэн бөөрөнхий блавгай их давалздаг болжээ.
    АН-ынхан ганибал, адьшаа мэтийн хог новшоосоо салаач ээ.
    Баярмааг сонгосон бол 2028 онд танай намыг дэмжих байлаа. Нийгмээ мэдэрдэггүй тэнэгүүд 2028 ондоо дахиад лааз өшиглөөрэй хохь нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *