Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д ирлээ


Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг даваа гарагт тусгай галт тэргээр нутгаасаа гарч, мягмар гарагийн үүрээр Хятадын хил давсан талаар БНАСАУ-ын төрийн төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Тэрээр лхагва гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв талбайд зохиогдох Дэлхийн хоёрдугаар дайнд милитарист Японыг бут цохьсон ялалтын баярын 80 жилийн ойд зориулсан цэргийн парадад хүндэт зочны хувиар хүрэлцэн ирж, үзэхээр болсон юм.

Ким Жон Уны энэ удаагийн айлчлал нь 2019 оны 1-р сараас хойш БНХАУ-д хийж буй анхны айлчлал болж байна.

Хэдийгээр түүний айлчлалын хуваарийг нууцалж байгаа ч тэрээр Бээжин хотноо хүрэлцэн ирсний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Солонгосын хойгийн нөхцөл байдал, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр болон хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар уулзалт хэлэлцээ явуулж, мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон бусад улс орны удирдагчдын хамтаар Тиананьмэнийн талбайд зохиогдох цэргийн парадыг хүндэт зочны хувиар үзэж сонирхох юм. Парадын үеэр Ши Жиньпинийн баруун талд В.Путин, зүүн талд Ким Жон Уныг суулгахаар болсон талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах мэдэгдсэн байна.

Умард Солонгосын удирдагч мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй ч уулзаж, яриа хэлэлцээ явуулж магадгүй байгаа ажээ.

БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Чой Сон Хуй, эрх баригч Хөдөлмөрийн намын болон засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд Ким Жон Уныг дагалдаж яваа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Хятадын Тяньжин хотноо даваа гарагт өндөрлөсөн ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон ихэнх улс орны удирдагчид лхагва гарагийн цэргийн парадыг хүндэт зочны хувиар үзэж, оролцохоор болсон юм.

Чуулганы төгсгөлд батлан гаргасан тунхагт гишүүн орнууд терроризмын эсрэг, аюулгүй байдал, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тусгаснаас гадна мөн гишүүн орнууд олон талт худалдааны тогтолцоог хадгалж, бэхжүүлж, нэг талын албадлагын аливаа үйлдлийг эсэргүүцнэ гэдгээ онцоллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *