Холимог тулааны 2025 оны Ази тивийн Залуучуудын (U-18) аварга шалгаруулах тэмцээн 08 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Бахрейн улсын нийслэл Манама хотод болж өндөрлөлөө.
Тэмцээнд Ази тивийн нийт 20 орны 200 гаруй тамирчид уламжлалт болон модерн гэсэн холимог тулааны хоёр төрлөөр өрсөлдсөн юм. Харин манай улсаас 6 тамирчин 1 дасгалжуулагч, 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсоноос модерн төрлийн -55 кг жинд Д.Ариунгоо (Болд нударга клуб), уламжлалт төрлийн -60 кг жинд Б.Өлзийтнаран (Женко клуб) нар тус тус хүрэл медаль хүртлээ.
Мөн модерн төрлийн -55 кг-д Р.Баасанжаргал (Кинг Панда), -60 кг-д Б.Анх-Ирээдүй (Шандас ММА), -65 кг-д Э.Билэгт (Мазаалай ММА), -70 кг жинд М.Өнөмөнх (Шандас ММА) нар эхний 8 байрт шалгарснаар “Бахрейн 2025” Азийн Залуучуудын III наадамд оролцох эрхээ авав.
Монголын баг тамирчдыг “Болд нударга” клубийн дасгалжуулагч Т.Болдбаатар ахлан ажилласан бол Монголын холимог тулааны холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн, “Кинг Панда” клубийн дасгалжуулагч Ч.Бат-Амгалан Азийн холимог тулааны холбооны урилгаар тус тэмцээний шүүгчээр ажиллаж финалын тулаануудыг дэнсэлсэн юм.