Индонезийн парламентын гишүүдэд тансаг зэрэглэлийн байр, орон сууц олгодог шударга бус явдлыг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаалын эсрэг тус улсын эрх баригчид цэргүүдийг дайчлах арга хэмжээг даваа гарагт авчээ.
Тус улсын нийслэл Жакарта хотноо сүүлийн өдрүүдэд олон мянган иргэд гудамж талбайд гарч жагссаар байгаагийн зэрэгцээ жагсагчид бусдын өмч, эд хөрөнгөд халдах, эвдэж сүйтгэх, галдан шатаах зэрэг хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд ихээр гаргаж байгаатай холбогдуулан ийнхүү хэв журмын цагдаа нарт хүч нэмэгдүүлэх үүднээс цэргүүдийг дайчилж эхэлсэн байна.

Олон хоног үргэлжилж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаал, цуглааны үеэр мөн 6 хүн амиа алджээ.
Жагсагчид парламентыг тарааж, парламентад шинэчлэл хийхийг шаардаж байгаа бөгөөд даваа гарагт 500 орчим жагсагч Жакарта хот дахь парламентын ордны өмнө цугларч эсэргүүцлээ илэрхийлсэн бол ерөнхийлөгч Прабово Субиантогийн анхааруулга өгсөн мэдэгдлийн дараа парламентын ордны гадна жагсаалыг тараасан байна. Улс оронд нь үүсээд буй нөхцөл байдлын улмаас Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто БНХАУ-д айлчилж, ялалтын баярын 80 жилийн ойн цэргийн парадад оролцох аяллаа цуцлажээ. Тэрээр мэдэгдэлдээ, “хуулийн дагуу жагсаал цуглаан зохион байгуулахын тулд зөвшөөрөл хүсэх ёстой, зөвшөөрөл өгсөн тохиолдолд аливаа жагсаал цуглаан оройны 18 цагт өндөрлөх ёстой байдаг” гэжээ.
Харин Сулавеси арлын Горонтало, Ява арлын Бандунг зэрэг хотууд дахь эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид болон журмын цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч болон өндөр даралтын ус шүршигч ашигласан байна.

Анхандаа тайван жагсаал хэлбэрээр эхэлсэн боловч өнгөрсөн пүрэв гарагт тус улсын хагас цэрэгжсэн элит цагдаагийн хэсгийн нэг баг 21 настай хүргэлтийн ажилтанг дайран, дээгүүр нь гарч явсан бичлэгийн дараа уурлаж бухимдсан иргэдийн жагсаал хүчирхийллийн шинжтэй болж эхэлсэн ажээ.
Жагсагч иргэд улсынхаа сангийн сайд болон нэлээд хэдэн парламентын гишүүний байшин, орон гэрийг нь тонож дээрэмдсэн хэргүүд сүүлийн өдрүүдэд гарсан байна. Мөн мягмар гарагийг дуустал Индонезийн бүхий л шатны сургуулиудын хичээл цахимаар орж байгаа гэнэ. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдээр өрнөсөн жагсаал цуглааны үеэрх эмх замбараагүй байдлын улмаас Индонезийн хөрөнгийн биржийн индекс даваа гаригт 3 гаруй хувиар унасан байна.