Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны үнэлгээний нэгдсэн тайланг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр ЗГ-т танилцууллаа. Энэ хууль төрийн үйл ажиллагаа, мэдээллийг ил тод, нээлттэй байлгаж, олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой.
Тиймээс бүрэн бус, хэлбэр төдий оруулсан мэдээллийг 10 дугаар сарын 1-ний дотор иргэнд ойлгомжтой байдлаар бүрэн байршуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгов. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үүргийг 5000 гаруй байгууллага хүлээдэг. Үүнээс нээлттэй мэдээллийн нэгдсэн систем www.shilen.gov.mn-д 513 хариуцагч мэдээллээ оруулан, баталгаажуулжээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад илэрсэн нийтлэг зөрчил:
-Мэдээлэл хариуцагчид нээлттэй мэдээллийг хэлбэр төдий байршуулах, бүрэн бус, дутуу байх, хугацаандаа шинэчилдэггүй;
-Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг бүрэн байршуулдаг хэдий ч үр дүнгийн тайлангаа нийтэд ил тод байршуулдаггүй;
-Хүний нөөцийн хөдөлгөөний өөрчлөлтийн мэдээлэл хангалтгүй;
-Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл цахим хуудасны шилэн данс хэсэгт байх ба санхүүгийн болон худалдан авах ажиллагааны аудитын дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажлын тайланг бүрэн байршуулдаггүй;
-Шилэн данс дахь төсөв санхүүтэй холбоотой мэдээллүүд иргэнд ойлгомжтой биш байгаа нь мэдээлэл олж авахад хүндрэлтэй;
-Мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээллүүд тодорхойгүй, хуульд заасан зөвшөөрлөөс бусад үйлчилгээний төрөл, шийдвэрлэх журам, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүний загвар, төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төлбөр төлөх дансны мэдээлэл хангалтгүй.