Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам ССАЖЗЯ-ны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.
Энэ үеэр 2028 онд АНУ-д болох “Лос-Анжелес-2028” зуны олимп, паралимпын наадамд өндөр түвшинд бэлтгэн оролцуулах, Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн орчин нөхцөлийг сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Билэгтэд даалгалаа.
Монгол Улсын олимп, паралимпын наадамд бэлтгэж буй Үндэсний шигшээ багийн 300 орчим тамирчин өдөр тутмын бэлтгэл сургуулилтаа хангахын зэрэгцээ спортын анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээнд Спортын төв ордонд байрлан хамрагдаж буй. Тус ордон нь залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн санаачилгаар БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар 1958 онд ашиглалтад оруулж 67 дахь жилдээ ашиглагдаж байгаа байгууламж юм.

