Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх хариуцлагатай үүрэг хүлээн, Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн эхний ээлж өчигдөр Өмнөд Суданыг зорилоо. Манай улсын зэвсэгт хүчин 2012 оноос эхлэн тус ажиллагаанд цэргийн багаа илгээж байна. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд нийт 14 ээлж үүргээ нэр төртэй гүйцэтгэж, НҮБ болон олон улсад Монголынхоо нэр хүндийг өндөрт өргөсөн юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар энхийг сахиулагчдыг үдэхдээ “Та бүхэн ажиллагааны өмнөх бэлтгэл болон “Хааны эрэлд 2025” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хээрийн сургуулилалтаар олж авсан мэдлэг, дадлага, ур чадвараа улам чамбайруулж, ажиллагааны газар оронд өмнөх 14 дэх ээлжийн гаргасан амжилт, алдар хүндийг улам бататгаж, эх орон, ард түмнийхээ итгэлийг алдахгүй, өмнө тавьсан үүрэг, зорилгоо мадаггүй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн захив.

