Бельги улс НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрөхөө мэдэгдэв


Ирэх долоо хоногт нээгдэх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганы үеэр Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэдгээ Бельги улс мэдэгдлээ.

Үүний өмнө мөн Австрали, Канад, Франц, Их Британи улсууд Газын зурваст үргэлжилж буй дайныг зогсоож, 2 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа хүмүүнлэгийн хямралыг намжаах зорилгоор Израилын засгийн газарт шахалт үзүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулган дээр Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Энэ сарын 9-ний өдөр нээгдэх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 80 дугаар чуулганы үеэр Палестин улсыг хүлээн зөвшөөрнө хэмээн Бельгийн гадаад хэргийн сайд Максим Прево мягмар гарагт Х хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

Мөн тэрээр Бельги улс Израилын засгийн газрын эсрэг хатуу чанга хориг арга хэмжээ авахаа давхар мэдэгджээ.

Тодруулбал, Израилын компаниудтай явуулдаг Бельги улсын төрийн худалдан авалтын бодлогыг хянаж үзэх, Израилын хууль бус суурьшлын бүсэд оршин сууж буй Бельгийн иргэдэд консулын тусламж үзүүлэхийг хязгаарлах, хууль бус суурьшлын бүсээс бүтээгдэхүүн импортлохыг хориглох, Бельгийн агаарын хилийг ашиглах, дамжин өнгөрөх нислэг хийхийг хориглох, Израилын экстремист үзэлт хоёр сайд болон Хамас бүлэглэлийн толгойлогчдыг хар жагсаалтад оруулах зэрэг нийт 12 хориг арга хэмжээ багтана.

Дээрх хориг арга хэмжээнүүд нь Б.Нэтаньяхугийн тэргүүлсэн Израилын засгийн газарт Газын зурваст 22 сарын хугацаанд явуулж буй ширүүн довтолгооны үйл ажиллагаанд хариуцлага тооцох зорилготой ба еврей хүмүүсийн эсрэг арга хэмжээ биш гэдгийг Бельгийн гадаад хэргийн сайд цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн Бельгийн засгийн газар Хамас бүлэглэлийг сурталчилж, алдаршуулахын эсрэг идэвхтэй арга хэмжээ авч, антисемитизмийг таслан зогсоох болно хэмээн онцолсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *