Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайнд ялсны 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ, цэргийн парад Лхагва гаргийн өглөө БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тиананьмэний талбайд зохион байгуулагдлаа. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ёслолын арга хэмжээний үеэр тавьсан илтгэлдээ дэлхийн хоёрдугаар дайнд Японы түрэмгийллийн эсрэг тулалдаж явсан ахмад дайчдад хүндэтгэл дэвшүүлж, “Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн бол дэлхийн Фашизмын эсрэг дайны чухал бүрэлдэхүүн хэсэг байж, Хятадын ард түмэн асар их гарз хохирлоор хүн төрөлхтний соёл иргэншлийг аврах, дэлхийн энх тайвныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан юм” гээд, улс орнууд, үндэстэн ястнууд зөвхөн эрх тэгшээр эв эеээр харилцаж, харилцан туслалцсанаар д хамтын аюулгүй байдлыг хамгаалж, дайн дажинг үндэс, уг эхээс нь хориглож, гунигт түүнийг давтахаас зайлсхийж чадна хэмээн хэллээ.

Мөн тэрээр “Хятадын ард түмэн түүхэн зөв талд, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн талд бат зогсож, энх тайванч хөгжлийн замыг баримталж, улс орнуудын ард түмэнтэй хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахын төлөө тэмцэх болно. Хятадын армийг дэлхийн тэргүүний цэрэг арми болгох бүтээн байгуулалтыг түргэтгэж, үндэснийхээ бүрэн эрх, нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг биелүүлэхэд стратегийн тулгуурыг хангаж, дэлхийн энх тайван, хөгжилд улам их хувь нэмэр оруулсаар байх болно. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг хэн ч хориглож чадахгүй. Хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн эрхэм үйлс заавал ялна” хэмээн хэлж, цэргийн парадыг хүлээн авлаа.

Ялалтын баярын 80 жилийн ойд зориулсан энэ удаагийн ёслолын арга хэмжээг “Түүхийг дурсаж, амь үрэгдэгсдэд хүндэтгэл илэрхийлэн, энх тайвныг эрхэмлэж, ирээдүйг бүтээе” гэсэн уриан дор зохион байгууллаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар гадаадын 26 орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн нар тэмдэглэлт арга хэмжээнд оролцсоны дотор ШХАБ-ын гишүүн болон ажиглагчийн статустай орнууд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочны хувиар оролцлоо.

Түүнчлэн Хятадын Засгийн газрын урилгаар зарим орны парламентын дарга, Ерөнхий сайдын орлогч, дээд түвшний төлөөлөгчид, олон улсын байгууллагын тэргүүн, засаг төрийн удирдагч асан зүтгэлтнүүд, БНХАУ-д суугаа гадаадын Элчин сайд, цэргийн атташе, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Энэ удаагийн цэргийн парадад БНХАУ-ын цэрэг армийн бүхий л анги нэгтгэлүүдийг багтаасан, тус улсын батлан хамгаалах салбарын хүчин чадлыг илтгэн харуулсан нийт 45 хайрцаг оролцсон бөгөөд Бээжингийн цагаар 9:00 цагт эхэлсэн ёслолын арга хэмжээ, цэргийн парад ойролцоогоор цаг 40 минутын хугацаанд үргэлжиллээ.






Цэргийн парадын үеэр Хятадын армийн зэвсэг техникээс гадна агаарт “80” гэсэн араб тооны хэлбэр гаргаж ниссэн Хятадын армийн агаарын зэвсэгт хүчний байлдааны 26 нисдэг тэргийн үзүүлбэр, мөн парадын төгсгөлд 80 мянган энхийн тагтаа, 80 мянган өнгөт бөмбөлөгийг тэнгэрт хөөргөж нисгэсэн үзүүлбэрүүд олны анхаарлыг татлаа.
Хятадын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх энэхүү агуу цаг мөчийг Дэлхийн ард түмэнтэй хамт тэмдэглэхийн тулд цэргийн сүр жавхлантай парадыг зохион байгууллаа” хэмээн мэдээлж байна.