Волейболын ДАШТ-ий шилдэг 8 багийн өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ


Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд үлдсэн багуудын гал гарсан өрсөлдөөнтэй тоглолт өнөөдөр эхэлнэ.

Ази тивийн төлөөлөл Японы шигшээ, Нидерланд, олимпын аварга Итали, Франц, олимпын аварга Бразил, Польш, олимпын аварга АНУ, Туркийн шигшээ багууд шилдэг наймд үлдсэн.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Дэлхийн аваргын цомд аль баг нь нэг алхмаар ойртохоо шийднэ. Эхний тоглолт Япон болон Нидерландын шигшээ багуудын хооронд болно. Маюу Ишикавагаар ахлуулсан Японы шигшээ баг 2010 оноос хойш тасарсан Дэлхийн аваргын медалиа хүртэх зорилготой буй. Тэгвэл тэдний эсрэг Дэлхийн хошой аварга Сербийн шигшээг гэрт нь буцаасан Нидерландын шигшээ (Улбар шарууд) баг тоглоно.

Энэ тоглолтын дараа 33 дараалан хожиж, дийлдэшгүй байгаа олимпын аварга, Үндэстнүүдийн лигийн хошой аварга Италийн шигшээ Польшийн багтай тулна. Тэд өрсөлдөгчөө хожиж багийн ялалтаа үргэлжлүүлэх үү? Аль эсвэл Польш бүсгүйчүүд Италийн шигшээг хожиж, ялалтыг нь зогсоох уу?

Харин маргааш ДАШТ-ий алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт АНУ-ын шигшээ баг Мелисса Варгасаар хүч нэмсэн Туркийн шигшээтэй тоглоно. Туркийн шигшээ баг нь ДАШТ-ээс медаль авч үзээгүй. Тэд энэ удаагийн Дэлхийн аваргаас медаль авах уу эс авах уу гэдгээ маргааш шийднэ.

Үргэлжлүүлэн олимпын аварга, Дэлхийн аваргын 4 мөнгөн медальтай Бразилын шигшээ баг Францын багтай тоглох юм. Францын шигшээ баг нь 51 жилийн дараа Дэлхийн аваргын хасагдах шатанд үлдэж, түүх бүтээсэн. Ингэхдээ хүчирхэг БНХАУ-ын шигшээг хожсон гэдгээрээ энэ удаагийн тэмцээнд шуугиан тариад буй.

Ийн 2025 оны ДАШТ-ий шөвгийн найман багийн тулаан өнөөдрөөс эхэлж байна. Гал гарсан, өрсөлдөөнтэй, шар үс босгосон тоглолтуудыг “NTV” болон “N Sports” сувгаар шууд хүлээн авч үзээрэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *