Мягмар гарагт Вьетнамын нийслэл Ханой хотноо тус улс Францын колоничлолоос чөлөөлөгдсөний 80 жилийн ойд зориулсан цэргийн жагсаал зохион байгуулагдаж, сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Үндэсний тусгаар тогтнолын ойн баярт зориулсан цэргийн парадад 40 мянга орчим цэргийн албан хаагч болон иргэд оролцсон бөгөөд тус улсын түүхэн дэх хамгийн том баярын жагсаал болж өнгөрлөө.

Танк, хуягт зэрэгт цэргийн машин техник, дрон, байлдааны онгоц, нисдэг тэргүүд гээд Вьетнамын армийн хүчин чадлыг илтгэн харуулсан, хоёр цаг орчим үргэлжилсэн цэргийн парадыг мөн олон зуун мянган хүн үзэж сонирхсон байна.
Ёслолын арга хэмжээг Вьетнамын эрх баригч Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга То Лам нээн үг хэлж, хүндэт зочид төлөөлөгчдийн дунд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи, Кубын ерөнхийлөгч Мигель Диаз-Канел, Камбожийн ерөнхий сайд асан Хун Сен нар байлцсан бол цэргийн жагсаалд Хятад болон Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцжээ.

Вьетнамын коммунист хувьсгалын удирдагч Хо Ши Мин 1945 оны 9-р сарын 2-ны өдөр Францын колоничлолоос чөлөөлөгдөж, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнамы Улсын тусгаар тогтнолыг тунхаглан зарлаж байсан түүхтэй ч тухайн үед энэхүү тунхаглалыг Франц улс хүлээн зөвшөөрч байгаагүй ба 1954 оны тулалдаанд ялагдал хүлээснээр Франц улс Вьетнамыг бүрмөсөн орхин гарч явж байсан юм.