Ипотекийн зээлтэй иргэдийг заавал урт хугацааны даатгалд хамруулж байх журмыг Санхүүгийн зохицуулах хороо гаргасан. Энэ журам 8-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ипотекийн зээл авсан иргэд уг журмын дагуу амь нас, эд хөрөнгөө олон жил урт хугацаагаар даатгуулах шаардлага үүслээ.
Орон сууцны зээл урт хугацаатай байдаг. Түүнийг төлж дуусталаа зээлдэгч амьд, эрүүл, хөдөлмөрийн чадвартай байх шаардлагатай. Тиймээс урт хугацааны даатгал маш өндөр эрсдэлтэй. Үүнийгээ дагаад өндөр хураамж авдаг даатгал юм.
Монгол Улсын хувьд ипотекийн зээлд хамрагдсан иргэн богино хугацааны буюу 1 жилээр амь нас, эд хөрөнгөө даатгуулдаг. Харин урт хугацааны даатгалд амь насаа даатгуулахаар болбол 40 настай, 100 сая төгрөгийн ипотекийн зээлтэй иргэний хувьд амь насаа даатгуулахад нийтдээ 25 сая төгрөг зарцуулах тооцоо гарч байна. Мэдээж даатгалын энэ их мөнгийг 1 дор авахгүй. Зээл төлөх хугацаанд хувааж, жилд ойролцоогоор 800 мянгаас 1 сая хүртэлх төгрөг төлөх ёстой болж байна.
Зээлээр, тэр дундаа ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдан авч байгаа иргэд нэмж даатгалд 20-30 саяыг төлөх санхүүгийн чадвар бий юү. Одоогоор энэ өндөр хураамжтай даатгалыг иргэд төлж эхлээгүй байна. Шалтгаан нь олон нийтээс санал ч авалгүйгээр СХЗ дангаараа шийдвэр гаргажээ. Тэр журмыг нь Монголын арилжааны банкнууд хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж.
Банкнуудын холбооноос СЗХ болоод Монголбанканд хүсэлт гаргаж “Иргэдэд ийм өндөр төлбөртэй даатгалыг тулгаж болохгүй” гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн хуульч О.Батхүү дээрх журмыг эсэргүүцэн, Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа юм. Шүүх хэрэг үүсгэх эсэхээ маргааш шийдэхээр товложээ.
Аливаа журмыг хууль зүйн яаманд бүртгүүлж байж хэрэгжүүлж эхлэх учиртай. Гэвч СЗХ ипотекийн зээлтэй иргэдийг заавал урт хугацааны даатгалд хамруулах журмаа албан ёсоор бүртгүүлээгүй гэнэ. Зохих журмын дагуу бүртгүүлээгүй учраас заавал мөрдөх хууль эрх зүйн үндэслэл бас хараахан үүсээгүй байна гэсэн үг.
Ипотекийн зээл хүсэгчдийн оочир банкнуудад 20 мянга давсан учраас цаашид ипотекийн зээлтэй иргэд улам олшрох нь тодорхой. Тиймээс ипотекийн зээлтэй иргэдийг эрсдэлгүй даатгалд хамруулахын тулд урт хугацааны буюу амьдралын даатгалд хамруулъя гэдэг шийдэлд хүрснээ Санхүүгийн зохицуулах хорооноос тайлбарласан байдаг. Даатгалын компаниуд ипотекийн зээлтэй иргэдэд нас, орлого, зээлсэн мөнгөн дүн зэргийг нь харгалзаж амьдралын даатгалаа хэдэн арван саяар тогтоохоо шийдвэрлэнэ.
Урт хугацааны буюу амьдралын даатгал нь иргэдийн олон эрсдэлийг даатгадаг бөгөөд амьдралынх нь туршид даатгаж байгаа учраас нэн өндөр төлбөртэй. Жишээ татахад 40 настай 100 саяын ипотекийн зээл авсан иргэн 25 сая төгрөгийг даатгалд төлнө гэсэн үг. Мэдээж зээлдэгчийн нас залуу бол даатгах дүн багасна. 25 настай иргэн 100 саяын ипотекийн зээл авбал ойролцоогоор 15 орчим саяыг даатгалд төлөх бол, 30 гаран насны иргэн 100 саяыг зээлбэл 20 орчим сая төгрөгийг даатгалд төлнө. Даатгалыг 1 удаа хийлгэж насан туршдаа даатгагдах давуу талтай ч иргэдэд ирэх санхүүгийн дарамт нь маш өндөр дүнгээр нэмэгдэх болоод байна. Мэдээж даатгалыг жил сараар хувааж төлөх боломжийг бүрдүүлнэ гэж байгаа ч сар бүрийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хажуугаар ийм хэмжээний дарамт зөвхөн даатгалаас орж ирнэ гэж ипотект хамрагдсан 115 мянган иргэн төсөөлөөгүй явсан нь тодорхой. СЗХ-оос ипотекийн зээлтэй иргэдэд тулгаад байгаа урт хугацааны даатгал өөрөө маш том эрсдэл дагуулдгийг бид бас бодолцох учиртай. Гадаадын олон оронд амьдралын даатгал хэрэгждэг. Урт хугацааны даатгалд хамрагдсан иргэдийн даатгалын мөнгийг авахын тулд гэр бүлийн гишүүд нь нэгийнхээ аминд санаатай хүрсэн гэмт хэрэг гадаадын олон оронд бүртгэгддэгийг бид санах учиртай. Магадгүй бид ипотекийн зээлд хамрагдсан иргэдийнхээ амь насыг баталгаатай даатгах нэрийн дор амь насыг нь бүр ч эрсдэлд оруулж мэдэх юм.
Даатгал сайн дурынх байх учиртай. Хэдийгээр өнөөдөр улсын хэмжээнд ипотекийн зээл авсан 115 мянган иргэн байгаа хэдий ч өрхийн санхүүд шууд нөлөөлөх шийдвэр учраас 500-600 мянган иргэний түрийвчинд шууд нөлөөлнө гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй болов уу?