“Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилалт-2025” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилалт 2025”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Арга хэмжээ дөрвөн өдөр болно. Энэ удаагийн сургуулилалтад Ази, Номхон далайн бүсийн 26 орны 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Улс “Кибер аюулгүй байдлын индекс 2024”-т 193 орноос 103 дугаарт эрэмбэлэгдэж, “Бэхжиж буй” түвшинд тооцогдсон. Энэ нь 2020 онтой харьцуулахад 17 байраар урагшилсан ч кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх болон олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлтүүд Азийн дунджаас доогуур байгааг харуулж байна.
Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшин”-ий судалгааг хийлгэсэн. Судалгаагаар манай улс кибер аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд харьцангуй өндөр түвшинд үнэлэгдсэн бол стандарт, технологийн нэвтрүүлэлт, хүний нөөцийн чадавх, халдлага илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцоо, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр илүү их анхаарах шаардлагатайг онцолсон байна.