Нэвтрүүлэгч болох мөрөөдлөө Монголоос эрсэн япон охин


Алс хол арлын Япон орноос уудам Монголыг зорин ирсэн Осакагийн Боловсролын их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Ханда Канонтой ярилцлаа. Тэрээр нэвтрүүлэгч болохоор суралцаж байгаа бөгөөд дадлагаа “NTV” телевизэд хийж буй юм. Осакагийн телевизэд цагийн ажил хийдэг тэрээр Японд нэвтрүүлэгч болоход өндөр шалгууртай байдаг тухайгаа хуваалцсан юм. Ханда чухам яагаад Монголыг зорин ирж, дадлага хийж буйг нь сонирхъё.

Сайн байна уу. Юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулаач. Монголд ирээд хэр удаж байна вэ?

Сайн байна уу. Намайг Ханда Канон гэдэг. Би Осакагийн боловсролын их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан. Монголд ирээд гурван долоо хонож байна. Би хөгжимд дуртай. Тиймээс Монголд ирээд үндэсний хөгжмийн тоглолт үзсэн. Мөн Байгалийн болон Түүхийн музей үзэж сонирхсон.

Ямар учраас манай улсыг зорин ирж, дадлага хийхээр болсон бэ? Япондоо хийж болох л байсан байх. Энд ирэх болсон шалтгаан нь сонирхолтой санагдаж байна. Мөн нэвтрүүлэгч болохыг зорьсон шалтгаан нь юу вэ?

Монголд ирсэн шалтгаан гэвэл монгол гэр болон соёл нь надад маш их таалагдсан. Тиймээс Монголд ирье гэж шийдсэн. Манай ээж телевизийн нэвтрүүлэгчээр ажилладаг байсан учраас нэвтрүүлэгч болъё гэсэн хүсэлтэй байсан. Ахлах сургуульд байхдаа дуу хоолойгоо бусдад хүргэдэг ажил хийх юмсан гэж боддог байсан. Ингээд л телевизийн нэвтрүүлэгч болохоор шийдсэн.

Монгол руу явж дадлага хийнэ гэхэд аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?

Би айлын ганц охин. Дөнгөж 19 настай, оюутан. Гадаадад дадлага хийхээр явна, тэр тусмаа Монгол руу гэхэд манай аав, ээж хоёр санаа зовсон. Гэсэн ч миний хийх гэж байгаа зүйлийг дэмжсэн, хориглоогүй. Миний хувьд ч бие дааж, бүх зүйлийг өөрөө хийж сурахыг маш их хичээдэг.

Тэгвэл дадлага хийх газраа яаж сонгосон бэ. NTV телевизийг хаанаас мэдэв?

“NTV” телевиз Монголдоо дээгүүр орох сайн телевиз учраас зуучилж өгсөн газар маань надад санал болгосон. Энд дадлага хийхээр болсон гэхэд бүгд халуун дотноор хүлээн авсан. Ямар ч санаа зовох зүйл байгаагүй. Өдөр бүр сэтгүүлчидтэй мэдээнд явж байгаа. Мэдээнд явахдаа машинаар явна. Алхаж очно. Мэдээгээ бэлдэж буй байдал, эх сурвалжаа олох зэрэг үйл явдал нь үнэхээр сонирхолтой байдаг. Мөн намайг гадаад хүн гэж бодохгүйгээр зааж зөвлөж байгаа нь баярламаар байсан. Энд ирээд маш олон зүйл сурч байгаа.

Ирэхээсээ өмнө Монголыг хэрхэн төсөөлж байв. Монголын талаар хэр их мэдэж байсан бэ?

Анх энд ирэхээс өмнө Монголд дэлгүүр, дэд бүтэц байхгүй байх гэж төсөөлж байсан. Гэтэл ирэхэд тэр бүгд байсан. Японоос Монголын тухай гарын авлага, аялагчдын ном хайгаад ерөөсөө олоогүй. Гэтэл Монголд ирсний дараа ном, гарын авлага бүгд байсан. Мөн Сүхбаатарын талбай дээр Япон, Монголын соёлын өдөрлөг болж байсан. Тэрийг хараад их гайхаж, хол биш ойр юм шиг санагдсан.

Тэгвэл энд ирээд тулгарсан бэрхшээл саад юу байна вэ? Хоёр орны ялгаа мэдээж их байгаа шүү дээ.

Японд автобусны буудал маш цөөхөн байдаг. Ихэнхдээ метрогоор явдаг учраас. Харин Монголд автобусны буудал, автобус маш олон байсан. Гэхдээ аль автобусанд суух, автобус хаана явж байгааг мэдэхэд их хэцүү байсан. Одоо бол утсаараа хараад сурч байгаа. Анхандаа автобусны чиглэл тодорхойгүй, аль автобусанд суухаа мэдэхгүй, ирж байсан автобус алга болчихдог нь их сонин санагдсан. Монгол хэл мэдэхгүй учраас хүний нэр зөв дуудаж чадахгүй хэцүү байсан.

Японд нэвтрүүлэгч мэргэжил хэр нэр хүндтэй байдаг вэ. Мөн нэвтрүүлэгч болох шалгуур ямар байдаг талаар бидэнтэй хуваалцаач?

Японд нэвтрүүлэгч мэргэжил маш нэр хүндтэй, үнэ цэнтэй. Олон хүн нэвтрүүлэгч болохыг хүсдэг ч болж чадах нь цөөн байдаг. Сүүлийн үед хуурамч мэдээлэл олон нийтэд тархах нь их болсон учраас үнэнийг хүргэх нь бүс нутагтаа чухалд тооцогддог. Яагаад гэвэл Япон маш олон телевизтэй. Тиймээс тухайн бүс нутагтаа үнэн бодит өдөр тутмын мэдээллийг олон нийтэд хүргэдэг учир нэвтрүүлэгч мэргэжил маш үнэ цэнтэй.

Миний хувьд Осакагийн телевизийн студид туслахаар цагийн ажил хийдэг. Тухайн студид ямар бичлэг хийпэг, бичлэгт ороход юу юу шаардлагатай байдаг тэр бүх зүйлийг төлөвлөдөг. Их сургуулиа төгсөөд нэвтрүүлэгчийн мэргэжлийн сургалтад хамрагддаг. Ингэж байж ажилд орно. Гэхдээ телевизэд орох маш хэцүү. Мэдээж танилцуулгаа телевизэд өгнө. Үүний дараа ярилцлагад орно. Камерын өмнө 1-2 минут суулгаж дуудлага, царай, эфирийн дүр төрхийг хардаг. Дараа нь ахиад ярилцлагад орох гээд 3-4 шат дамжина. Үүний дараа ч дахиад шалгуур байдаг. Тиймээс Японд нэвтрүүлэгч болох нь их хэцүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *