“Парис 2024” олимпын наадмын аварга, Алжирын боксчин Имане Хелиф Дэлхийн боксын холбооны шийдвэрийг эсэргүүцэн давж заалджээ.
Хелиф давж заалдах хүсэлтээ Спортын арбитрын шүүхэд өгсөн байна. Түүний хувьд маргааш буюу есдүгээр сарын 04-нд Английн Ливерпүүл хотноо эхлэх боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохооргүй болсон.
Учир нь Дэлхийн боксын холбоо тамирчдыг генетикийн гэрчилгээгүй бол тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл тус холбооноос тэмцээн уралдаануудад оролцох бүх тамирчныг хүйсийн сорилд заавал хамруулах тухай мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ Иман Хелифийн нэрийг дурдсандаа уучлалт хүссэн билээ. Мөн түүнийг шинжилгээ өгөх хүртэл ямар ч тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд оролцуулахгүй хэмээсэн.
Талууд хоорондоо албан бичиг солилцсон бөгөөд тэдний тохиролцооны дагуу шүүх хурлыг товлохоор болжээ. Мөн хэргийг хэлэлцэх хүртэл Дэлхийн боксын холбооны гаргасан шийдвэрийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч шүүхээс хүчингүй болгосон байна.
Имане Хелиф Парисын олимпоос алтан медаль хүртсэнийхээ дараа “Би эмэгтэй хүн болж төрсөн. Эмэгтэй хүн шиг амьдарч ирсэн. Би энэ тэмцээнд оролцох бүрэн эрхтэй” хэмээж байв.
