Сербийн оюутан, сурагчид авлигын эсрэг чимээгүй жагсаал зохион байгуулжээ


Даваа гарагт Сербийн нийслэл Белград хотноо олон мянган оюутан, сурагчид авлигын эсрэг чимээгүй, тайван жагсаалыг зохион байгуулсан байна.

Тус улсад өнгөрсөн жилээс хойш авлигын эсрэг жагсаал цуглаан тасралтгүй зохион байгуулагдаж, өнгөрөгч 8-р сарын жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, мөргөлдөөн гарч байсантай харьцуулахад даваа гарагийн жагсаал маш тайван байдлаар явагджээ.

Жагсаалд оюутнуудаас гадна мөн ахлах ангийн олон мянган сурагчид оролцож, авлигад идэгдсэн төр засгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, сонгууль явуулахыг шаардсан байна.

2024 оны 11-р сард Сербийн хойд хэсгийн Нови Сад хотын төмөр замын вокзалын барилгын үүдний дээврийн хэсэг нурсны улмаас 16 хүн амиа алдсаны дараа стандарт шаардлага хангаагүй баригдсан тухайн барилгатай холбогдуулан төр засгийн авлига, хээл хахуулийн эсрэг Сербийн ард түмэн өнөөдрийг хүртэл тасралтгүй жагсч, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа билээ.

Хэдийгээр иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны явцад тус улсын ерөнхий сайд огцорч, засгийн газар татан буугдсан боловч Сербийн ерөнхийлөгч Александр Вучич эрх мэдлээ хадгалан үлдэж, өөрийн засаг захиргааны бүтцийг шинэчлээд байгаа юм.

Мөн тэрээр ээлжит бус сонгууль явуулах ард түмний шаардлагыг няцааж, иргэдийн жагсаал цуглааныг гадаад улс орны явуулга хэмээн буруутгасаар байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *