2013 онд манай улс 2.9 сая иргэнтэй байв. Үүний 169.448 буюу 5.78% нь төрийн албан хаагч. 2023 онд хүн амын тоо 3.3 сая болж, 226.496 хүн буюу 6.67% нь төрд ажиллаж байлаа. ЭЗХЯ-ны ажилтан Б.Эрдэнэбат “Төрийн албан хаагчдын тоо сүүлийн 10 жилд нийт 39.3%-иар өссөн. Задалбал, улс төрийн алба 36.6, төрийн захиргааны албан хаагч 31.9, төрийн тусгай алба 70.5, төрийн үйлчилгээний алба 42.7%-иар өссөн байна” гэж 2025.05.15-нд УИХ-ын чуулганаар Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад танилцуулсан юм.
Төрийн алба ингэж данхайсныхаа хэрээр жил бүр тэтгэвэрт гарах хүний тоо дагаад нэмэгдсээр ирлээ. Тэд зүгээр л тэтгэврээ бодуулаад явдаг бол ч яах вэ. Тэгсэн бол би энд ийм юм бичиж суухгүй байх байлаа.
Төрийн албанаас тэтгэвэрт гарч буй хүнд 1 удаагийн мөнгөн тусламж буцалтгүй олгодог. Тэр нь тухайн хүний 3 жилийн цалин. Ажиллаагүй атлаа огт хийгээгүй ажлынхаа цалинг авна гэдэг… Тэр тусмаа 3 жилийн цалин шүү дээ. 3 сар биш, 3 жил! Үүнийг бодоод үзье.
Энэ бол төдийгөөс өдий хүртэл төр барьсан МАН-ын завхрал. Намынхаа гишүүдийг төрийн, татвар төлөгчдийн, баялгийн мөнгөөр тэтгэж байгаа хулгай.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсад дундаж цалин 2.5 сая төгрөг байна. Уул уурхайн салбарт ажиллагсад хамгийн өндөр буюу дунджаар 5.1 сая төгрөгийн цалинтай бол зочид буудал, орон сууц, нийтийн хоолны салбарынхны цалинг дунджилбал 1.5 сая төгрөг. Тэгвэл төрийн албан хаагчдын дундаж цалин 2.5 сая төгрөг байна. Ийм цалинтай хүн дунджаар нэг дор 90 сая төгрөг тусламж болгож авдаг гэсэн үг.
Шударга биш байгаа биз. Төр өөрөө ингэж иргэнээ хаана ажилласнаар нь ялгаварлаж байна. Гэтэл хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй, хуулийн өмнө эрх тэгш байна гээд Үндсэн хуульдаа заачихсан улс шүү дээ, манайх чинь.
Монгол Улсын Үндсэн хууль, 14-р зүйл
1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.
Үндсэн хуульдаа ингэж заачхаад, “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам” гээчийг Засгийн газар гарган, иргэдээ алагчилсаар ирлээ. Арай дэндүү биш үү? Хувийн хэвшилд ажилласан нь тэтгэврээ бодуулаад, байгууллагынхаа үүдээр гарч байхад төрд ажилласан нь тэтгэвэр дээрээ нэмж, буцалтгүй тусламж аваад, тэрийгээ байрны урьдчилгаанд өгч, шинэ байрны найр хийж байна. Шударга уу?
2.5 сая төгрөгийн цалинтай хүн нэг дор 90 сая төгрөг тусламж болгож авдаг гэсэн үг
Үүнийг дагаад хувийн хэвшлээс гарч, нийтийн албанд орох сонирхолтой хүн олширсон. Төрд ажиллавал бүхий л боломж нээгддэг учраас тэр. Одоо гэтэл төр тэтгэвэрт гарч буй хүмүүстээ тэтгэмж өгч хүчрэхгүйдээ хүрч байна.
Засгийн газар ирэх оны улсын төсвийг энэ сарын 1-нд УИХ-д өргөн барьсан. 2026 онд төрийн 7000 орчим албан хаагч тэтгэвэрт гарах аж. Тэдэнд нэг удаа тэтгэмж олгоход, 326 тэрбум төгрөг шаардлагатай болох нь. Үүнийг өнөө жилийнхтэй харьцуулахад 111 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Төрийн албан хаагчийн тоо, цалин нэмэгдэхийн хэрээр тэтгэвэрт гарагсдад өгөх буцалтгүй тусламжийн мөнгө нэмэгдсэн нь тодорхой байна.
Тэтгэвэрт гарч буй албан хаагчдадаа өгөх мөнгө манай төрд алга.
326 тэрбумыг 7000 хүнд хувааж өгнө гэхээр 1 хүнд 47 сая төгрөг оногдож байна. Гэтэл тэтгэвэрт гарч буй албан хаагчдадаа өгөх мөнгө манай төрд алга. Энэ мөнгийг 2026 оны төсөвт бүгдийг нь суулгаж чадсангүй. Арга буюу Засгийн газар уг мөнгөний 47% буюу 151.6 тэрбум төгрөгийг нь хасаж, 174.4 тэрбумыг нь тусгасан байна. Үлдэж буй мөнгийг 2027 оны төсөвт шилжүүлэхээр болжээ. 2026 онд тэтгэвэрт гарах 2 хүний 1 нь буцалтгүй тусламжаа 2027 онд авна гэсэн үг.
Улс мөнгөгүй байхад заавал төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарлаа гээд мөнгө өгөх албатай юу? Энэ бол төдийгөөс өдий хүртэл төр барьсан МАН-ын хийж ирсэн завхрал. Намынхаа гишүүдийг төрийн, татвар төлөгчдийн, баялгийн мөнгөөр тэтгэж байгаа хулгай. “МАН-д санал өгдөг үнэнч гишүүн байгаарай” гэсэн хахууль. Төрийн албанаас тэтгэвэрт гарч, 90 сая төгрөгийн тэтгэмж авч буй хүн бол нүүрсний мөнгө идсэн авлигачтай яг адилхан. Хэн нь их идсэн, хэн нь багыг авсан гэдгээ харин хоорондоо ярина биз.
5 responses to “Төрөөс тэтгэвэрт гарч, 47 саяын тусламж авагч бол нүүрсний хулгайчтай яг адилхан”
Төрд 1 хоног ажиллаж үзээгүй, бусдын төлөө санаа зовох нь бүү хэл хуруугаа ч хөдөлгөж үзээгүй, тэнэг атаархуу дуракийн бодол байна. Нэг насаараа төрд, бусдын төлөө зүтгэж, өөрийгөө, боломжоо золиосолсон мянга мянган төриын албан хаагч нарт төрөөс төлж байгаа төлбөр юм шүү. Энд нам ямар ч хамаагүй.
Төрийн албан хаагчийн сүүлийн 3 жилийн цалингийн дундажаар, төрийн албанд ажилласан жилд ногдохоор тооцдог, хүн бүрт 3 жилийн тэтгэмж олдохгүй, өөр бас шалгуур ч байдаг л даа
өчнөөн жил ажиллачихаад тэтгэврийн насаа хүлээж бгаад тэтгэвэр тэтгэмжээ авч чадалгүй хорвоогоос явж бгаа хүмүүс зөндөа бна. Өгөх нь зөв шүү.
Яагаад болохгүй гэж нам энэ тэр ямар хамаатайн тэтгэвэртэй гарахдаа хэдий тэтгэвэр бага ч энэ тэтгэмжээрээ байрны урьдчилгаа хийгээд гарч байгаа төрийн албан хаагч ч бна хуцах юмаа олж хуцаарай
Чи өөрөө ирээд ганц шөнө улсын хилийн манаанд яваад үз дээ. Хамаг залуу насаа хил дагаж хөгжил дэвшил, гэр орон үр хүүхэд нь бүх зүйлээс хоуорч үлдээд тэр олон жилийг хил манаж өнгөрөөж чадах уу. Оролдох юм аа л оролд