Иргэний зориг, ногоон намыг Засгийн газраас гарах гэж байна. Хамтран ажиллах гэрээ байгуулах ажлын хэсэг байгуулжээ гэх мэдээлэл гарсан тул тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхжаргалтай энэ талаар болон намынх нь асуудлаар ярилцлаа.

————————————————————————-
-Танай намын Улс төрийн зөвлөлөөс танаар ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Тэр нь Засгийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Үүн дээр нэг залруулга хийх нь зөв байх. Учир нь өнөөдөр (өчигдөр) өглөө зарим сайтаар ийм мэдээлэл явсан байна лээ. Манай намын Улс төрийн зөвлөлөөс ажлын хэсэг байгуулсан нь үнэн. Гэхдээ Иргэний зориг, ногоон нам Засгийн газартай биш, МАН-тай байгуулах гэрээ юм. МАН одоо засгийг барьж, дийлэнх олонхыг бүрдүүлж байгаа учраас ИЗНН, тус намтай цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ.
Тэр ажлыг яаж зохион байгуулах юм гэдэг ажлын хэсгийг надаар ахлуулан, УИХ-ын гишүүн Д.Батболд, С.Замира нар гишүүнээр нь багтсан байгаа. Ажлын хэсгийн гол зорилго нь цаашид байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн реформ шинэчлэл, урт хугацааны бодлогыг хэрхэн авч хэрэгжүүлэх юм. Мөн энэ талын ажлын тогтвортой байдлыг хангах нь чухал. Тиймээс би өнөөдөр/өчигдөр/ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт санал хүргүүлэх тухай албан тоотоо хүргүүлсэн байгаа. Одоогоор мэдээж ямар нэгэн хариу ирээгүй байгаа. Учир нь дөнгөж саяхан/өчигдөр/ би Я.Содбаатар даргатай уулзаад бичгээ өгчихөөд ирлээ. Ийм л байдалтай байна.
-Тэгэхээр ИЗНН Засгийн газарт хамтарч, дарга нь салбар яамны сайдаар ажиллаж байгаа болохоор ингэж МАН-тай хамтрах гэж байна гэж ойлгож болох уу?
-Бодлогын түвшинд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг л гэрээг байгуулах гэж байгаа юм. Цаашдын хамтын ажиллагааны зарчмаа тохирох, тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн чиглэлээр цогц бодлогыг хэрхэн, яаж хэрэгжүүлэх юм. Хамгийн наад захын жишээ гэхэд ирэх онд Цөлжилтийн эсрэг олон улсын конвенцэд нэгдсэн 197 улсын COP17 хурлыг манай улс зохион байгуулах гэж байгаа. Энэ хурлыг зохион байгуулах ажлыг салбарын сайд нь ахлаад ажиллаж байна. Гэтэл гадуур зөвхөн Төрийн нарийн бичгийн даргыг сольсон. Эсвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн Бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцогтыг ажлаас нь халснаас болжээ гэх зэргээр улстөржиж байна. Засгийн газраас гарна, гарахгүйгээ шийдэх гэнэ гэж ч бичсэн. Гэтэл энэ бүхэн чинь огт өөр утгатай. Цаашид хоёр нам яаж хамтарч ажиллах юм, тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ, зарчмаа яаж тохирох юм гэдэг дээр хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад гэрээ хэлцлийг хийх л асуудал.
-Б.Батбаатар сайдын хийсэн томилгоон дээр эсэргүүцдэг. Базыг нь халчихсан чинь С.Бямбацогт сайд шахалт үзүүлээд, хариуд нь танай намыг засгаас гарах гэж байна гэдэг мэдээллүүд л гадуур явсан. Тэгвэл танай намын дарга сайдаар томилогдож очоод өөрийн багаа зохих түвшинд нь бүрдүүлж чадсан уу. Өнөөдөр ажил үүргээ явуулахад хэр дэмжлэгтэй байгаа вэ?
-Манай намын дарга салбарын сайд болоод үндсэндээ хоёр сар хүрэхгүй хугацаа л өнгөрч байна. Дундуур нь баяр наадмын өдрүүд, урт амралт өнгөрсөн. Томилгооны хувьд мэдээж сайд өөрийнхөө түвшинд хийж байгаа. Гэхдээ би төрийн ажлын талаар ийм тийм гээд ярьдаг хүн нь биш. Дээрээс нь намын ажил ч биш. Мэдээж салбарынхаа х үрээнд мэргэшсэн чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх нь сайдын өөрийнх нь эрх мэдлийн асуудал. Гэхдээ тус салбар сүүлийн зургаан жилийн хугацаанд зургаан сайдын нүүр үзсэн. Улс төрийн томилгоонууд явдаг гэсэн зүйлүүд бий. Тиймээс ногоон хөгжлийн бодлого шийдвэр нь урт хугацаанд л явж байх ёстой. Энэ талаас нь л бид харж байгаа.
-Тэгвэл энэ салбарт урт хугацааны бодлоготой байх. Ногоон үзэл баримтлалтай намын дарга нь сайдаар ажиллаж байгаагийн хувьд ямар ахиц дэвшил гарна гэж харж байгаа вэ?
-Мэдээж намын дарга нь салбар яамаа толгойлоод явах нь намын мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй. Нөгөө талаасаа урт хугацааны бодлогоо бид яаж авч явах вэ. Өнөөдөр Монгол Улс цөлжилттэй тэмцэж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж байгаа. Гэтэл саяхан Завхан аймагт очиж ажиллахад нэг уулын ам тэр чигтээ хортон шавьжинд идэгдчихсэн байгаа юм. Нэг талд тариад байдаг, нөгөө талдаа үхээд байдаг. Хоёр жил хорхойд идүүлчихээр л тэр ой бараг дахиж сэргэх боломжгүй болдог. Иймэрхүү асуудлууд байна. Сайд томилогдсоноосоо хойш Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтрааж байсан хүмүүстэй уулзсан. Хустайн нуруу, Төв, Архангай, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай гэсэн аймгуудад энэ богинохон хугацаанд ажиллаж, салбарын тулгамдаж байгаа асуудлууд дээр судлаачдын багаа ажиллуулсан. Энэ багийн тайлан, тооцоо гараад ирэхээр хийх ажлууд нь тодорхой болно л доо. Тийм ч учраас сайд урт хугацааны бодлогоо л харж байгаа байх гэж бодож байна. Мэдээж би өмнөөс нь хариулаад суух ёстой хүн нь биш гэдгийг дахин хэлье.
-Улс төрийн намуудын тухай хуулиар намууд дүрмээ шинэчилж, улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Танай намын хувьд энэ ажлаа хэрхэхээр төлөвлөж байна вэ?
-Манай ИЗНН-ын хувьд намынхаа дүрмийн шинэчлэлтийг боловсруулж цэгцлээд, Үндэсний хорооныхоо гишүүдээр хэлэлцүүлж саналыг авсан. Ер нь хуулийн баг ажиллаж байгаа. Энэ хүрээндээ есдүгээр сарын 14-нд намынхаа ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулахаар ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг нь мөн би ахалж байгаа. Энэ хурлаараа бид намын дүрмийнхээ шинэчилсэн найруулгыг Улс төрийн намуудын тухай хуульд нийцүүлж шинэчилж байгаа.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Т.Дарханхөвсгөл