Шинэ Зеланд улс Монголын хонины ноосны салбарт шинэчлэл авчирна


Монгол Улс, Шинэ Зеландын эдийн засгийн тулгуур болсон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тухайлбал хонины ноос хяргах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх, хоршооллын аж ахуйг хөгжүүлсэн туршлагыг нутагшуулах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид манай улсад эл өдрүүдэд айлчилж буй билээ.

Энэ үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Шинэ Зеландын хонины ноос хяргах орчин үеийн техник, технологийг Монголд нэвтрүүлж, малчдын амьдрал ахуйд бодит хувь нэмэр оруулж буй “Шейр Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч Паул Бро, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нар санамж бичиг үзэглэсэн юм.

Уг хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулснаар Шинэ Зеланд улс Монголын хонины ноосны салбарт шинэчлэл авчрах чухал хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.

Хамтын ажиллагааны санамж бичигт:

  • Олон улсын стандартад нийцсэн сургалтад 2025-2031 онд нийт 5000 монгол малчныг хамруулна.
  • 2026 оны зунаас эхлэн зургаан жилийн хугацаанд 200 сумыг Шинэ Зеландын хонины ноос хяргах орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах
  • Шинэ Зеландаас 200 ширхэг хайч ирлэгч, хонь ноослох явуулын иж бүрдэл, 1000 ширхэг гар хяргагч, 10 мянган ширхэг сам, 50 мянган ширхэг гар хайчны хутга, 200 ширхэг явуулын хонь угаах төхөөрөмж, мөн тооны ноос шахагч машин нийлүүлэх
  • Албан ёсны засвар үйлчилгээний төв байгуулах
  • Хоёр тал Монголын мал аж ахуйн холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох ажлыг хамтран зохион байгуулахаар тус тус тусгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *