Электрон тамхийг янжуур тамхины адил хуульчлах шаардлагатайг эмч, судлаачид санууллаа


Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болоод тамхи хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл зэрэг асуудлаар УИХ-ын гишүүд болон эмч, сэтгэлзүйчдийн төлөөлөл өнөөдөр уулзаж хуулийн шинэчлэл хийх бодитой шаардлага байгаа талаар санал солилцлоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг хэлэхдээ, “Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэх шалтгаан нь тодорхой. Монгол Улсад өсвөр үеийнхний тамхидалт маш хурдтай өсөж байна. 2019 онтой харьцуулахад 2023 онд янжуур болон цахилгаан, электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн. 2025 оны байдлаар ДЭМБ-ын судалгаагаар 100 хүүхэд тутмын 60 нь, өөрөөр хэлбэл гурван хүүхэд тутмын хоёр нь электрон тамхи хэрэглэдэг, харин 33 хувь нь байнгын хэрэглэгч болсон байна. Энэ нь маш ноцтой үзүүлэлт юм. Тамхинаас үүдэлтэй нас баралт өндөр хэвээр байна. Жил бүр 4700 хүн тамхидалтын улмаас нас бардаг гэсэн тоо бол дунджаар хоёр сумын хүн амтай дүйцэхүйц хэмжээ. Хамгийн үр дүнтэй арга бол өсвөр үеийнхнийг тамхидалтаас хамгаалах. Тамхи нь өөрөө бусад донтолт руу шилжих гарц болдог. Тиймээс хуулийн шинэчлэлийн гол үзэл баримтлалын нэг нь электрон тамхийг тамхины бүтээгдэхүүний ангилалд оруулах. Учир нь электрон тамхи яг адилхан хор хөнөөлтэй ч өнөөгийн хуульд хамрагддаггүй. Ингэснээр зар сурталчилгаа, орчинд татах, тусгай зөвшөөрөл зэрэг зохицуулалт адилхан үйлчилнэ.

Өсвөр насныхан электрон тамхинд хурдан орж байгаагийн нэг шалтгаан нь жимс, жимсгэнэ зэрэг үнэр, амтад татагдаж буй хэрэг. Барууны орнуудад ийм амт үнэртэй бүтээгдэхүүнийг хориглодог. Тиймээс бид ч мөн зөвхөн насанд хүрэгчдийн сонголтод үлдээж, амт үнэртэй бүтээгдэхүүний оролтыг хязгаарлах шаардлагатай гэж үзэж байна гэлээ. Харин эмч судлаачдын зүгээс электрон тамхи нь маш хортой бөгөөд дам тамхидалтын нөлөөгөөрөө янжуур тамхинаас илүү аюултай гэдгийг санууллаа. Тухайлбал орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул: “Хүүхдийн уушги тархи бүрэн хөгжөөгүй байдаг. Хүүхэд эхээс төрсөн цагаас өсөж торних хэрээр уушги тархи бага багаар зэрэгцэн хөгжиж насанд хүрэхэд нь бүрэн хөгжиж дуусдаг онцлогтой. Харин манай өсвөр үеийнхэн тамхи татсаар байвал уушги болоод тархины хөгжил саатах гэмтэх эрсдэлтэй. Түүнчлэн электрон тамхийг байгууллага дотор, хурал хуй гээд хаа сайгүй чөлөөтэй татах залуус олширч байна. Гэтэл электрон тамхи шингэн бүтэцтэй учраас 30 хувь нь тамхи татаж байгаа эзнээ хордуулж харин үлдсэн 60-70 хувь нь агаарт дэгдэж дам тамхидалтыг орчин тойрны хүмүүст үүсгэдэг. Судалгаагаар нотлогдсон энэ эрсдэлийг олон нийт ойлгохгүй мэдэхгүй гоё үнэрт нь хууртагдсаар байна. Гоё үнэр никотинтой тамхинаас гарна гэдэг бол тухайн тамхины химийн найрлага өндөр болохыг харуулж байгаа юм. Энэ ч үүднээс олон улсад электрон тамхины хэрэглээг бүр мөсөн хориглоод байна. Цаашид тамхины хяналтын хуулиа батлахдаа дотоод орчинд электрон тамхи татахыг шууд хориглох ёстой гэж үзэж байна” гэв.

Хуулийг шинэчлэн боловсруулж электрон тамхийг тамхины ангилалд багтаан онцгой албан татвар ногдуулах асуудлыг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон эмч судлаачид 100 хувь дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хуралд оролцсон Улсын 3-р төв эмнэлгийн уушги судлалын тасгийн их эмч Б.Золзаяа хэлэхдээ: “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас электрон тамхийг хүний эрүүл мэндэд хор нөлөөтэйг 2019 онд баталсан. Электрон тамхинаас болж нас барсан хүний 68 гэж бүртгэгдсэн байдаг. Гэхдээ эрүүл мэндээрээ эргэн сэргэхгүйгээр хохирч үлдсэн хүний тоо бүр их гэдэг нь ойлгомжтой. Электрон тамхи нь уушгинд өвөрмөц төрлийн хатгаа үүсгэдэг. Энэ хатгаа нь нянгийн болон вирусийн гаралтай хатгаа өвчин шиг антибиотик хэрэглэснээр эдгэхгүй. Уушгинд хэзээ ч арилшгүй сорвижилт үүсгэж байгааг эмч нар анхааруулсаар байгаа юм. Тиймээс электрон тамхины хэрэглээг хумих зохицуулалтыг хуульд нарийн тусгах шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.

Тамхины хяналтын хуулийг батлахыг эмч, багш, судлаачдын зүгээс тун чухал болохыг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлэлцүүлгийн явцад илэрхийлж электрон тамхи нь бусад төрлийн тамхины нэгэн адил хавдар үүсгэх эрсдэлтэйгээс гадна ходоод улаан хоолойн хавдрыг үүсгэх гол шалтгаан болж байгааг онцолсон юм. Түүнчлэн тархи мэдрэл, сэтгэц, уушги, зүрх гээд хүний бүх эрхтэн системд учруулах хор нөлөө нь маш аюултай болохыг санууллаа. Тамхины хяналтын хуулийг боловсруулж дууссан бөгөөд хуулийн төсөлд холбогдох субьектүүд саналаа өгсний дараа чуулганы босго давдаг журамтай. Засгийн газраас тамхины хяналтын тухай хуульд саналаа 8-р сард ирүүлсэн байна. Харин дээд шүүхээс хуультай холбоотой санал зөвлөмж ирсний дараа тамхины хяналтын тухай хуулийн төслийг өргөн барихаар зэхэж байгаагаа хууль санаачлагчийн зүгээс мэдэгдэж байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *