Дугаарын хязгаарлалт мөрдөөгүй жолоочийг 2600 камер бүр торгоно


Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор тэгш, сондгой дугаараар зорчуулах замын хөдөлгөөний журмыг мөрдүүлж байгаа. Гэвч олон иргэн дээрх журмыг дагаж мөрдөхгүй байгаатай холбоотой гомдол Замын хөдөлгөөний удирдлагын төвд болоод Засгийн газрын 11-11 дугаарын утсанд тасралтгүй ирсээр байгаа юм. Өмнө нь тэгш, сондгой дугаараар зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдөөгүй тохиолдолд замын цагдаа шаардлага тавьж, торгодоггүй байсан билээ.

Харин зөрчил их гарч байгаатай холбоотойгоор торгуулийн хатуу зарчим мөрдүүлэхээр болжээ. Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтын зохицуулалтыг мөрдөөгүй иргэнийг авто замын камерт өртөх бүрд нь торгох гэнэ. Тэгэхээр дугаарын хязгаарлалтын журмыг мөрдөөгүй жолооч нарыг Улаанбаатар хотын 170 гаруй цэгт байрлаж байгаа 2600 хяналтын камер хянаж, журам зөрчих болгонд нь буюу хөдөлгөөн бүрд нь торгууль ногдуулна. 1 удаагийн торгууль 20 мянган төгрөг байх юм.

Түүнчлэн нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байгаатай холбоотойгоор байнгын баруун эргэх бололцоотой 11 уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг мөрдүүлэхээр шийджээ. Ирэх даваа гаргаас эхлэн Улаанбаатар хотын ачаалал ихтэй 11 замын уулзварт байнга баруун эргэх дүрэм мөрдөнө. Байнга баруун гар тийш эргэх зохицуулалтыг уулзваруудад нэвтрүүлснээр замын нэвтрэх чадвар 80 гаруй хувиар нэмэгдэх гэнэ. Энэ өөрчлөлт нь зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмдэг учраас явган зорчигч, жолооч нарт замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцохыг анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *