Нэгэн цагт Монголын улс төрөөс нэр муутайгаар жийгдсэн М.Энхболд эдүгээ эргээд үнэд оров бололтой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025.09.02-нд БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөв. Энэ ёслолд М.Энхболд, Сү.Батболд нар оролцлоо. Ерөнхийлөгч тэднийг Тяньжин хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд дагуулж явжээ.
“60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболд УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй. Тиймээс сайн дураараа УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, ажлаа өг!” хэмээн Л.Оюун-Эрдэнэ 2018 онд М.Энхболдоос шаардаж байлаа. “Монголчууд одоо л МАНАН бүлэглэлээс салах эсвэл хэзээ ч үгүй гэсэн сонголтын өмнө зогсож байна” хэмээн олон нийтэд ухуулсаар, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах ажиллагаанд Л.Оюун-Эрдэнэ оройлон оролцсон юм даг.

2018.08.09-нд УИХ-ын дарга М.Энхболд “Л.Оюун-Эрдэнэ нарын 38 гишүүн албан бичиг надад ирүүлсэн. “УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гарга” гэсэн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлага өчигдөр анх удаа ирсэн юм биш. Намайг УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгд” гэдэг шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга урьд нь надад тавьж байсан.
Дараа нь манай намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн яг Ерөнхийлөгчийн хэлсэн утга агуулгаар намын бүлгийн хурал, байнгын хороо, чуулганы үеэр “УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгд” гэж шаардаж байсан.
Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболд УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй. Сайн дураараа ажлаа өг!
Өчигдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн гарын үсэг зурж, дээрх шаардлагыг ирүүллээ. Намайг огцруулах гарын үсгээ зурсан 38 гишүүний 34 нь манай намын гишүүд. Гарын үсгээ зурсан нөхдийгөө би хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх гэж, хэний даалгасан даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа тунгааж бодож үзсэн байгаа даа гэж бодож байна” хэмээн мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг 39 гишүүний гарын үсэгтэй албан бичигтэй хамт 2019.01.25-нд УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн, нууц санал хураалт явуулж, 66.2%-ийн саналаар М.Энхболдыг огцруулсан. Л.Оюун-Эрдэнэ үүнийхээ шанд У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдов. Эндээс олон нийт “М.Энхболдыг унагах компанит ажлыг У.Хүрэлсүх далдаас удирдаж, Л.Оюун-Эрдэнэ ил гүйцэтгэжээ” хэмээн уншсан юм.

Гэтэл юу болсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 онд М.Энхболдыг Булангийн орнуудаас хөрөнгө оруулалт татах Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд болгосон билээ. “60 тэрбум”-ын хэргээр нээлттэй сонсгол явуулахыг шаардаж, М.Энхболдод дэгээ тавьж явсан Л.Оюун-Эрдэнэ одоо өөрөө хүүгийнхээ тансаглалын улмаас огцорчихсон явж байна. М.Энхболдын өөдөөс Л.Оюун-Эрдэнийг зуудаг нохой болгож тавьсан У.Хүрэлсүх харин эдүгээ М.Энхболдтойгоо гадаадад айлчилж явна. “Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан байдаггүй” гэдэг чинь энэ.
Өөрийг нь огцруулсан, эсрэг ажилласан гэж М.Энхболд хэнд ч гомдоогүй гэдэг. Үнэн байх. Тэр 2006.01.25-2007.11.22-ны хооронд 1 жил 301 хоног Ерөнхий сайдаар ажилласан. Их эвслийн Засгийн газрын сайдуудыг шүд сугалах мэт 1, 1-ээр нь огцруулсаар түүний Засгийн газрын нас богиносож, МАХН 25-р их хурлаараа М.Энхболдыг С.Баяраар солив.
“Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан байдаггүй” гэдэг чинь энэ
Үүнээс ч болсон уу, 2016 онд УИХ-ын сонгуулиар намаа ялуулж, 65 суудал авсан атлаа М.Энхболд өөрөө Ерөнхий сайд бололгүй, УИХ-ын даргын суудлыг сонгосон юм. Ерөнхий сайд байж үзсэн, зовлонг нь биеэр амссан тэрээр 10 жилийн дараа дахин Ерөнхий сайд болохыг хүсээгүй. Ерөнхийлөгч болохыг мөрөөдсөн. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд УИХ-ын даргын албан тушаалыг сонгосон. Гэвч нөхөд нь итгэл эвдэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн саналыг асуулгүйгээр Засгийн газрын гишүүдийг томилсон нь МАН-ын бүлгийн гишүүдийн эгдүүг хүргэжээ. Тэд нь эргээд түүнийг дэгээдэхэд Л.Оюун-Эрдэнэд тусалсан. М.Энхболд тэгээд л улс төрөөс явсан даа. Гэхдээ бүр биш, түр явсан байжээ.
Сү.Батболдын тухайд бол өөр. 2009 онд С.Баяраас Ерөнхий сайдын суудлыг хэн авах вэ гэсэн өрсөлдөөн өрнөж байхад У.Хүрэлсүх, Сү.Батболд нар өрсөлдөгч байв. Гэхдээ Сү.Батболд Засгийн газрын тэргүүн болсон. Тэд хоорондоо тохирсон гэдэг. МАХН гэдэг нэрээс хувьсгалт гэдэг үгийг авч хаяхдаа ч тэд хамтарсан.

Одоо ч тэд хамт явна. У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарт М.Энхболд хэрэг болжээ. Тэр нь явж явж энэ намрын улс төртэй, МАН-ын даргын суудалтай холбоотой. Өмнө нь Л.Оюун-Эрдэнээр М.Энхболдыг хөөлгөсөн. Одоо М.Энхболдоор Л.Оюун-Эрдэнийг хөөлгөх үү? Юм бүхэн цагтай, эргэх улирал ээлжтэй гэж…
М.Энхболд, Сү.Батболд, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын дөрвөл энэ намар МАН-ын даргын суудлыг Л.Оюун-Эрдэнээс хэрхэн авах бол? Үүнээс ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө тодорно.