Тарваган тахлаар өвчилсөн хүн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд өчигдөр бүртгэгдэв. Уг өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгааг албаныхан мэдээллээ. Тэр хүн Цагаан-Уул сумын Шарга багийн Тагийн нуур гэдэг газарт амьдардаг аж.
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц халдварт өвчин. Үүгээр тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгч, хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.
Хэрэв тарваган тахал өвчний халдвар авсан бол гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч, цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинж илэрнэ.