Явган хүний замын хавтанг хугацаандаа сольж дуусахгүй нь ээ


Улаанбаатар хотын 13 байршил дахь явган хүний замын хавтанг сольж байгаа. Үүнийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар өнөөдөр шалгав. Хичээл эхэлж, хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдсэн байхад явган зорчигчийн зам, автобусны буудлуудын хавтанг хуулан хаяж, шороо бужигнуулсаар байна.

Шинэчилсэн замыг 9 дүгээр сарын 15-наас хэсэгчлэн хүлээж авахаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар төлөвлөн, хавтан сольж буй аж ахуйн нэгжүүдийг ажлаа шуурхайлахыг үүрэгдлээ. Гэвч гүйцэтгэгч компаниуд энэ хугацаанд ажлаа дуусгах боломжгүй гэсэн хариу өгч байна.

Геологийн төв лабораториос Саппорогийн уулзвар хүртэл явган хүний замыг шинэчилж буй “Бадрах-Инженеринг” ХХК-ийн төлөөлөл “Нийт 4 бригад ажиллаж байна. Тус ажлыг хүлээлгэж өгөх гэрээний хугацаа 9 дүгээр сарын 25. Бид ажлаа 15-нд дуусах боломжгүй байна. Энэ хугацааг сунгах хүсэлтэй байна. Баянгол дүүргийн 28-р хорооны ажил 95 хувьтай болсон” гэв.

Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлын явцын талаар “ТАСО” ХХК-ийн төлөөлөл “Улаанбаатар хотын хяналтын инженерүүдийн хяналтан дор замын ажлыг стандартын дагуу хийж байна. Дөрвөн зам, “ТБД андууд”-ын автобусны буудлууд, 10 дугаар хорооллын автобусны буудлуудын явган хүний замыг шинэчилж дууссан. Одоо Саппорогийн уулзварын наад талын автобусны буудлын явган хүний замыг шинэчлэх ажил хийж байна. 5 бригад ажиллаж байна. Ажил 58 хувьтай байна. 11 дүгээр сарын 1 хүртэл ажлаа үргэлжлүүлэх хүсэлт тавьж байгаа. Зам бол сошиалд буталж үзүүлээд байгаа шиг тийм чанаргүй биш. Бидний сольсон хавтан чанартай. 20-40 жилд солигдохгүй бүтээн байгуулалт болох юм” гэлээ.

Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх 31 мянган ам м замыг шинэчилж буй “Сант-Өндөр” ХХК-ийн төлөөлөл “Ажлын явц 34 хувьтай байна. Нийт 7 байршилд ажил хийж байна. 9 дүгээр сарын 25 гэхэд гүйцэтгэлийг 70 хувьд хүргэнэ. Хоёр байршилд ажил дуусаж байна” гэв.

Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг шинэчилж буй “Эс эл си ти” ХХК-ийн төлөөлөл “Ажил 90-ээс дээш хувьтай байна. Тус гудамжны нийтийн эзэмшлийн талбайн явган хүний замыг шинэчлэх ажил 5 дугаар сарын 29-нөөс эхэлсэн. 9 дүгээр сарын 15-нд дуусна” гэлээ.

Их тойруугийн хойд хэсгийн явган хүний замын шинэчлэлийн явцын талаар “Төрөлхмөрөн” ХХК-ийн төлөөлөл “Энэ онд хийгдэх ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна. Баруун дөрвөн замын Барилгын хөгжлийн төвийн хэсгийн хавтанг хуулсан. Өнгөрсөн шөнө холбооны сувагчлалаас гарсан хог, тохиромжгүй хөрсийг цэвэрлэсэн. Ажил хэвийн үргэлжилж байна. 8 дугаар сарын 15-наас Баянбүрдийн тойргоос Баруун дөрвөн зам хүртэл 1.3 км дөрвөн хос холбооны сувагчлал, 14 худгийг угсарч дуусгасан. Хоёр худгийн цахилгааны кабель давхацсан учраас угсралтын ажил хүлээгдэж байна. Дэд бүтцийн ажил дуусаж байна. 9 дүгээр сарын 15-наас өмнө “Гэсэр” сүмээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөсөн” гэлээ.

Багатойруугийн хойд хэсгийн явган хүний замыг шинэчилж буй “Сантбаян бэрх” компанийн төлөөлөл “Ажлын явц 50 хувьтай байна. Туркийн хөрөнгө оруулалтаар хийсэн Анкарагийн гудамжинд суурилуулсан явган хүний чулуун замыг солиулахгүй гэсэн тул ажлын талбай хасагдаж байгаа юм. Тиймээс 9 дүгээр сарын 15-нд нийт талбайн чулууг сольж дуусгана” гэв.

Багатойруугийн ард, урд хэсэгт явган хүний зам тавьж буй “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”-ийн төлөөлөл “Бага тойруугийн урд талын мэдээлэл холбооны хэсэгт хавтан хучилтын ажил эхэлсэн. Их тойруугийн урд хэсэгт Баруун дөрвөн замаас “Бөмбөгөр”-ийн гэрлэн дохио хүртэлх 380 метр орчим урт гурван худаг суурилуулж, мэдээлэл холбооны шугам угсрах, гэрэлтүүлгийг буулгах ажлууд хийгдээд дууссан. “Бөмбөгөр”-ийн гэрлэн дохионоос Баруун дөрвөн замын гэрлэн дохио хүртэлх 1000 гаруй м.кв явган хүний замын талбайд хавтан суурилуулсан. Барилгын коллежийн дотуур байр, Кибер амжилт сургууль орчмын замын ажлыг хичээл эхлэхээс өмнө хийж дуусгасан. Явган хүний болон автозамын хооронд 1-2 метр өндөртэй хашлага тавьж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна” гэлээ.

Чингисийн өргөн чөлөөнд Яармагийн гүүрнээс АПУ компанийн уулзвар түртэлх автозамын урд хэсгийн явган хүний замыг шинэчилж байгаа “Эс Эм Жи Ти” ХХК-ийн төлөөлөл “Мишээл худалдааны төвийн уулзварын явган хүний замыг шинэчлэх ажил хийгдэж байна. ГУББГ-аас усны барилга байгууламж угсрах ажлыг хүлээж ажил түр зогссон. Энэ ажил дуусмагц хавтангаа суурилуулна” гэлээ.

Чингисийн өргөн чөлөөнд Яармагийн гүүрнээс АПУ компанийн уулзвар хүртэлх автозамын хойд хэсгийн явган хүний замын явцын талаар “Люксдаймонд” ХХК-ийн төлөөлөл “7000 м.кв тайлбайн хавтан солихоос 4500 м.кв талбайг шинэчилсэн байна. 70 хувьтай байна. Мөн энд 1800 метр инженерийн шугам сүлжээний ажил хийсэн. 9 дүгээр сарын 15-нд арай амжихгүй байх. Ажил энэ сарын 30-нд дуусна” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *