Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль “Г” хэлбэрийн 1 давхар барилгатай. Энэ барилгын “Б” корпусын дээвэр энэ оны 4 дүгээр сарын 10-11-ний шөнө 00:10-04:00 цагийн хооронд гамшгийн хэмжээнд хүрсэн угалзаар юу ч үгүй хуурч, 19 цонх хагарч, зарим эд хогшил эвдэрчээ. Үүнээс гадна спорт заалны дээврийн 1/3, урлаг заалны 16 ам метр дээвэр, дотуур байрны дээврийн хойд хэсгийн 15 ам метр төмөр, хүнсний агуулахын дээвэр хуурсан байна.
Дотуур байрны сурагчдын хүнсэнд хэрэглэх ногоог тарьдаг хүлэмж хийсэн алга болж, ногооны талбайн хашаа, хайс авах юмгүй болжээ. Сургуулийн уурын зууханд энэ намар түлэхээр хадгалсан 15 тонн нүүрс хийссэн байна. 34 м/сек хүчтэй шуурсан уг шуурганы хүнд, амьтанд мэдрэгдэх хүч буюу өрөвхийлэл 44 м/сек хүрснийг цаг-уурчид бүртгэжээ.

320 хүүхдийн багтаамжтай уг сургуулийг 1986 онд барьж, ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн жил энэ сургуульд 430 орчим хүүхэд сурч, 50 багш, ажилчин ажилласан юм. Эдгээр хүүхдийг өнөө жил дээвэр нь хуулраагүй корпустаа 2 ээлжээр хичээллүүлж байна.
Дээврийн төмөр нь бүрэн хуурсан тул банзны завсраар зун бороо орж, шал нь ус, салхинд хөндийрч, хөгц мөөгөнцөр ургажээ. Дээврийг нь заслаа ч шалыг солих, мөөгөнцөр устгах, ханыг бүрэн шохойдох шаардлага үүссэн байна. Дээвэр хууларсан даруйд засаагүй тул энэ барилга улам элэгдэж, засах шаардлагатай эд зүйл нэмэгдсээр байна.

Тухайн үед гэргүй болсон 40 айлд гамшгийн дараа Улсын онцгой комисс гэр олгосон бол аймгийн нөөцөөс 500 шуудай тэжээл тараасан. Харин сургуулийг зассангүй. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг, Говь-Алтай аймгийн Онцгой комисс тус суманд очиж, нийт 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ.
Тэд сургуулийг сарын дотор засахаар болсон аж. Гэсэн ч 5 сар өнгөрч байхад зассангүй, бахь байдгаараа. Сургуульд учирсан хохирлыг арилгахад 350 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоог тухайн үед гаргасан байна. Багш нар өөрсдийн нөөц боломжоороо цонхоо шиллэн, хашаа хайсаа янзалсан бол одоо дээврээ засах үлджээ.

Тус сургуулийн захирал нь Улаанбаатарт ирж, УОК, Шадар сайдын ажлын алба, Боловсролын яамаар орж, асуудлаа танилцуулан, туслалцаа хүссэн ч тусыг олсонгүй. Дээвэр засахад 137 сая төгрөг шаардлагатай аж. Гэвч үүнээс ч илүү их засвар хийх шаардлагатай байгаа юм. Учир нь өнгөрсөн зуны борооноор зарим ангийн шал хөндийрч, гишгэхэд бамбалзан хөвсөлзөж буй аж.
Тиймээс Говь-Алтай аймгийн Социал демократ залуучуудын холбоо “Нэг дээвэр дор 1000 мөрөөдөл” хандивын аян өрнүүлж, Эрдэнэ сумын сургуулийг засах мөнгө цуглуулж эхэлжээ.
Х.СЭНДЭРМАА: ДЭЭВРЭЭ ЗАСЧИХВАЛ, ШАЛАА ХАНДИВ ТУСЛАМЖААР БОЛГОНО ГЭЖ ТООЦОЖ БАЙНА
Эрдэнэ сумын 12 жилийн сургалттай сургуулийн захирал Х.Сэндэрмаагаас нөхцөл байдлыг тодрууллаа.
-Хүүхдийн сурах эрх зөрчигдөж байгаа учраас танаас сургуулийн дээврийн талаар тодруулмаар байна. Улсын онцгой комисс, Боловсролын яам, Шадар сайдын ажлын алба гээд олон газарт таныг хандсан тухай сонслоо. 4-р сард дээвэр хууларсан. 5 сарын хугацаанд засах боломж байлаа. Хичээлийн шинэ жил эхэлсэн атал танай сургууль дээвэргүй байна. Одоо байдал ямархуу байна вэ?
-Дээвэр засах төсөв шийдэгдэх шатандаа явж байгаа.
–Хаанаас шийдэж байгаа юм бол?
-Орон нутгаас шийдэхээр болсон.
-Энэ 7 хоногтоо мөнгөтэй болоод, ирэх 7 хоногт дээврээ засаж эхлэх болов уу?
-Тэгэх байх аа.
–Сургуулийн “Б” корпуст байрлалтай ангиудын шал борооны усанд нороод, хөндийрчихсөн. Тэрийг засах мөнгийг хэн, хэзээ, хаанаас гаргах бол?
-Тэрийг бид хандив тусламж, дотоод нөөц бололцоогоороо болгоно гэж тооцож байгаа.
-Өнгөрсөн зун хэдэн удаа бороо ороод шал хөвсийлгөв?
-Өмнөх жилүүдийнхээс маш их усархаг бороо орсон. Бид дээврийн дам нуруун дээрээ гялгар уут дэвсэн, үнс асгасан ч хамгаалалт болдоггүй юм байна.
-Чийгнээс үүдэлтэй хөгц мөөгөнцрөө яаж арилгах вэ?
-Ямар аргаар арилгадаг юм, тэрийг судлаад арилгана л гэж бодож байна.
-Гамшгийн дараа УОК сургуулийн дээвэр засах зардлыг шийднэ гэсэн. Яагаад мөнгө өгөөгүй юм бол?
-УОК гамшигт нэрвэгдсэн айл өрх, иргэддээ түрүүлж тусалдаг юм шиг байна.
-Боловсролын яам танд ямар хариу өгсөн бэ?
-Гамшигт өртсөн барилга засах мөнгийг Боловсролын яам гаргах боломжгүй. Төсвийн тухай хууль зөрчихөд хүрнэ. Хамтран ажилладаг байгууллагадаа хандаж үзээрэй гэсэн.
-УОК-оос танай сургуулийн засварт төсөвлөсөн мөнгийг сая Засгийн газар буцаагаад татсан гэх мэдээлэл байна. Та тийм мэдээлэл сонссон уу?
-Ёстой сонсоогүй.
–Хандивын аянаар хэдэн төгрөг цугларсан бол?
-Манай сургууль, сум хандив цуглуулаагүй. Аймгийн 1 холбоо хандивын аян зарласан байна лээ. Тэд хэдэн төгрөг цуглуулсныг мэдэхгүй.

-Одоо танай сургуульд хэдэн хүүхэд, хэдэн ээлжээр хичээллэж байна вэ?
-Энэ жил 400 орчим хүүхэд 2 ээлжээр хичээллэж байна.
-Ноднин 430 хүүхэд байсан. Сургуулийн дээврээс болоод хүүхэд шилжсэн үү?
-Яг сургуулиас болсон гэсэн юм байхгүй.
-Сургууль, цэцэрлэгийн халаалтыг 9-р сарын 1-нээс өгөх ёстой. Танайх халаалтаа өгсөн үү?
-Манайх ер нь 9-р сарын 15-наас өгдөг юм.
-Энэ жил 1-р ангид хэдэн хүүхэд орсон бэ?
-38 хүүхэд орсон.
-Сутай хайрханд өнгөрсөн 7 хоногт цас орсон. Танай суманд цас орсон уу?
-Орооогүй. Манай сум өндөрлөг газарт байрлалтай. Цас хамгийн түрүүнд ордог сумын 1.
–Энэ 7 хоногийн сүүлчээр хүйтэрч, уулаараа цас орно гэж сэрэмжлүүлж байна. Танай сургуулийн дээвэр онгорхой байдаг. Цас орвол яана?
-Харин тийм ээ.
-Дээвэр хуурснаас болоод эвдэрсэн, гэмтсэн эд хогшил, тоног төхөөрөмж бий юү?
-Тэр тал дээр гайгүй. Гамшгийн дараа бид “Б” корпусын бүх анги танхимаа суллаад, сандал, ширээ, дүүжин тааз гэх мэт эд хогшлоо зөөж, өөр ангид хураасан. Зөөх боломжгүй болохоор үлдсэн шал усанд норсон.
–Гамшгийн дараа багш, эцэг эхчүүд сургуулийн нурсан дээврийг янзалсан уу?
-Эцэг эхчүүд юун манай сургуулийн дээврийг янзлах манатай байсан л даа. Манай сумынхан тэр аяараа орон гэргүй болсон шүү дээ. Ар гэртээ асуудалтай байсан ч багш, ажиллагсад сургуулийн нурсан дээвэр, эвдэрсэн мод, төмрөө салгаж хураан, овоорсон элс шороогоо зөөж цэвэрлэсэн.
Төгсөгчид, бусад сумын сургуулиуд гамшгийн дараа тодорхой хэмжээний хандив цуглуулж, манайд өгсөн. Түүгээр сургуулийнхаа цонхийг шиллэсэн. Манай сургуулийн бүх вакум цонх хагарсан.
Агуулах, заалны дээвэр, хашаа, хайс гээд бусад бүх засвараа бид өөрсдийнхөө боломжоор, нөөцөө дайчлаад хийсэн. Сургуулийн дээврийг засахад мөнгө хүрэлцээгүй. Мөнгөн дүн нь өндөр л дөө. Яалт ч үгүй хүчин мөхөсдөөд байна.