Улс төрийн намууд дүрмийн өөрчлөлтөө 30 хоногийн дотор хүргүүлнэ


Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад улс төрийн намуудад арга зүйн зөвлөмж өгөх талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяатай өчигдөр уулзлаа.

Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.

Дүрэм, хөтөлбөрөө ямар зохион байгуулалтаар хэрхэн шинэчлэх, баримт бичиг тавигдах шаардлагын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл авах хүсэлтийг улс төрийн намын удирдлагуудаас тавьж байгааг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран уламжлаад энэ чиглэлээр арга зүйн зөвлөмж өгөх уулзалт, сургалтыг хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдаанаар батлагдсан “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ын талаар болон хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр улс төрийн намуудад мэдээлэл, сургалт зохион байгуулах боломжтой гэдгийг Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа хэллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *