Өөрийн хүний өргөн барьсан төсвийг өөлөх болов уу?


Эрх баригчид сурсан зангаа тавьж чадахгүй байна. Төсвийг алдагдалгүй болгоно гэсэн амандаа ер хүрэхгүй юм, манай Засгийн газар. Иргэдийн саналыг авсан нь онц. Өнгөрсөн оныхтой харьцуулахад тэлээгүй нь сайн. Гэхдээ алдагдалтай төсөв УИХ-д өргөн барьсан нь муу.

2025 оны нэгдсэн төсөв. Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувийн ашигтай байхаар баталсан.

2026 оны нэгдсэн төсөв. Тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөжээ.

Аливаа ажил төлөвлөхөөс эхэлдэг. Зөв төлөвлөвөл үйл ажиллагаа зөв явагдах учраас тэр. Өдийгөөс яг жилийн өмнө Засгийн газар 1.9 их наядын алдагдалтай, 36 их наядын төсөв батлуулж, тэрийг нь 2 сарын дараа УИХ-ын гишүүд гэнэт анзаарч, бөөн дуулиан дэгдээсэн. 2024 оны төсвийн тодотголд “2025 оны төсөв 32.9 их наяд байна” гээд баталчихсан байтал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа үл тоож, 2025 оны төсвийг 36 их наяд болгосон болохоор тэр.  

Тэгвэл өнөө жил Засгийн газар 1.3 их наядын алдагдалтай төсөв батлуулах гэж байна. Төсвийг алдагдалтайгаар өргөн барьдаг явдлыг таслан зогсоохыг эдийн засагчид шаардаж ирлээ. 2025 оны улсын төсвийг 1.9 их наядын алдагдалтай баталсан хойноо их хурлын гишүүд гэнэт дуг нойрноосоо сэрж, 3.6 их наядаар багасгахыг шаардсан. Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Тэгмэгц Засгийн газар 2.1 их наядыг хассанаар, гишүүдийн санаа амарч, Ерөнхийлөгчийн хориг биелж, төсөв алдагдалгүй болсныг өнөө жил хэн хэн нь мартжээ.  

Л.Оюун-Эрдэнэ 1.9 их наядын, Г.Занданшатар 1.3 их наядын алдагдалтай төсөв боловсруулсан

Г.Занданшатар тэгэхэд ЕТГ-ын дарга байлаа. Тэр 2024.11.20-нд Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нартай хамт зогсоод, төсөвт бүхэлд нь хориг тавьсан тухай Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулсан. Тэрийгээ тэр Ерөнхий сайд болмогц мартаад, алдагдалтай төсөв өргөн барив. Л.Оюун-Эрдэнэ 1.9 их наядын, Г.Занданшатар 1.3 их наядын алдагдалтай төсөв боловсруулсан. Тооны зөрүүтэй ч чанарын хувьд яг адилхан. Нүүрсний үнэ өсвөл, ахиухан мөнгө орж ирвэл үрнэ л гэсэн үг.

Олсноосоо ихийг үрэх гэж л төсвийг алдагдалтай төлөвлөдөг. Алдагдалтай төсөв гэдэг бол ирээдүйгээс мөнгө зээлж, өр тавьж байгаа хэрэг. Ингэвэл ирээдүйд өр үлдээдэг, үнэ өсгөдөг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлдөг.

Улсын төсвийн зарлага өндөр хэвээр байна. ДНБ-д эзлэх хувь нь 36.8 хувиас 37.7 хувь хүртэл өсөх хандлагатай байгааг Сангийн яам өөрөө мэдээлсэн. Энэ нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэлийг дагуулж байгаа юм. Тиймээс төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагаа хянах шаардлага тулгарч байна. Засгийн газар өөрөө замбараатай, санхүүгийн сахилгатай байж, ард иргэдээ санхүүгийн мэдлэгтэй, үрдэг биш хуримтлуулдаг болгож сургах хэрэгтэй. Манай Засгийн газар харин эсрэгээр нь хийх юм.

Тэгэхээр өнөө жилийн улсын төсөвт Ерөнхийлөгч яаж хандах бол. Хэсэгчлэн хориг тавих уу. Өөрийн хүний өргөн барьсан төсвийг өөлөхгүй юм болов уу? Хэрвээ УИХ энэ төсвийг тэр чигээр нь баталбал, түүнд нь Ерөнхийлөгч хориг тавихгүй бол өөрийн толгой дээрх өвсийг хараагүй байж хүний толгой дээрх хялгасыг харсан хэрэг болно. Ерөнхий сайд нарыг Ерөнхийлөгч хүний, өөрийнөөр алагчилдаг болж харагдана.  

Олсноосоо ихийг үрэх гэж л төсвийг алдагдалтай төлөвлөдөг

Төсөв уг нь хуультай юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар иймэрхүү замбараагүй байдлыг хязгаарлахыг зорьдог. Гэвч үе үеийн Засгийн газар улсын төсөв өргөн барих бүртээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-д хамт оруулж ирж, хүссэнээрээ өөрчлөн батлуулдаг. Өнөө жил ч энэ л жишгээр эл хуульд гар дүрэх болж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа нэг тонн нүүрсний үнийг 2025, 2026 онд 80 ам.доллар, 2027, 2028 онд 77 ам.доллароор тооцжээ. Гэтэл энэ жил нүүрсний экспортын үнэ 39 хувиар, нийт экспорт 15 хувиар, төсвийн нийт орлого 11 хувиар буурч, эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 2.4 хувь болж саарчээ. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулахаар 2025.07.03-нд Тэргүүн шадар сайд Н.Учрал хуулийн төсөл өргөн барьсан.  

Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг жил бүрийн 5 дугаар сард баталдаг. 3 жилээр бүх тооцоогоо гаргадаг. 9 үндсэн үзүүлэлтээ жил бүрээр тусгадаг. Гэвч оны сүүлчээр энэ хуульдаа дахин гар дүрдэг. Өнөө жил ч тэгэх гэж байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *