Дэлбэрэлтэд өртөж, ашиглалтаас гарсан 207 дугаар байрыг өнөөдөр нурааж эхэллээ. Барилгыг дээврээс нь эхлэн, давхар бүрээр нь хэсэгчлэн нураана. Ингэхдээ жижиглэх, тасдах аргаар нурааж, Морингийн даваанд шинээр ашиглалтад орсон Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт аваачиж боловсруулан, эдийн засгийн эргэлтэд оруулах аж.
Оршин суугч 62 айл нийтдээ 1 жил 8 сарын хугацаанд түрээсийн байранд амьдарч байгаа. Түрээсийн мөнгийг нийслэлээс дааж байгаа бөгөөд цаашид түрээслэгчдийн төлбөрийг төлөх эсэх, барилга хэзээ ашиглалтад орох талаар иргэд байр сууриа илэрхийлж байна.
Нураах ажилд 60 гаруй инженер, техникийн ажилчид ажиллах юм байна. Үүнд 2,5 тэрбум төгрөг, барилгыг буцаан барихад 12 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ. Манай улс анх удаа олон давхар барилга буулгаж байгаа учир аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах, ойр орчмын барилгыг хамгаалах ажлуудыг эхний ээлжинд хийж гүйцэтгэх юм байна.