Цэвэр агаар ямар үнэтэй вэ?


Дорвитой хэлчих тоон мэдээ алга. Супермаркет, олон нийтийн сүлжээнд тавьсан зараас харахад 1 л өтгөрүүлсэн хүчилтөрөгчийн үнэ 10-25 мянган төгрөгийн үнэтэй байна. Бүр Тэрэлжид очиж, цэвэр агаар соруулан, хүчилтөрөгч өтгөрүүлэгчээр 96 мл/мин болгон савлаж, амьсгалах масктай нь зардаг бизнес хүртэл бий болжээ. Утаатай, бохир орчинд амьдарч байгаа улаанбаатарчуудад тустай, цагаа олсон бизнес ч байж болно. Учир нь хэдүүлээ тун удахгүй цэвэр агаарын төлөөх тэмцэлдээ орно.

Утаанаас залхсан, уушгиа цэвэрлэх хүмүүс боломж боломжоороо, олдсон жаахан цаг заваа зарцуулан байж Улаанбаатараас гарч хотоо тойрон “зугаална”. Зугаалах ч цаашаа. Үнэнхүү өрөвдмөөр дүр зургийг удахгүй бүгдээрээ хэлэлцэж, нийгмийн сүлжээнд тавьж шогширцгооно. Энэ бүхний цаана өрхийн төсөв л хэцүүдэж, халаасан дахиа тэмтэрч эхэлнэ. Утаан дунд суусаар угаартаж үхэлтэй биш, ямар. Цэвэр агаар амьсгалах үнийн дүнд энэ бүхнийг нэмбэл овоо тоо гарна.

Улаанбаатар хотын агаар дахь 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны дундаж агууламж агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас 32.8 хувиар илүү гарсан судалгаа байна. Ийм байхад савласан агаар цүнх савандаа хийгээд явж байх нь зөв болох нь. Амьсгалын дутагдалд орж, өвчинд нэрвэгдэж байхаар ингээд ч болтугай эрүүл мэндээ бодоорой.  

Сэтгэл эмзэглэмээр тоо баримт улам л зузаарсаар байна. Утаанаас шалтгаалж, үзэгдэх орчин Улаанбаатарт тэр дундаа “Гэр” хороололд заримдаа 10 метр л байгаа. ДЭМБ-ын судалгаагаар Улаанбаатар хот нь Дэлхийн хамгийн бохир агаартай 10 хотын жагсаалтад багтлаа. Өвлийн улиралд нарийн ширхэгт тоосонцор PM2.5-ын дундаж агууламж 148 мкг/м3 байгаа нь ДЭМБ-аас хүлцэж болно гэж зөвшөөрсөн хэмжээнээс бараг 15 дахин их юм.

Бид ийм л орчин амьдарч, амьсгалж байна. Улсын ч тэр, өрхийн ч тэр төсөв агаар амьсгалахын төлөө л байдаг боллоо. Төр угтаа бол өрхийн төсөвт энэ мэт дарамт үүсгэхгүй, өөр зүйлд санаа чилээж байх учиртай. Гэтэл төр, засаг, нийслэлийн удирдлагууд үүргээ биелүүлж чадахгүй байна.

Бодлого алга, гаргасан шийдвэрүүд нь нүдээ олохгүй байна. Энэ өвөл дахиад л нүүрсээ түлнэ, утаа гардгаараа гарна. Иргэд хөрс, агаар нь дэндүү бохир орчинд утаан дундаа амьдарсаар суух нь.

Тэгвэл Монгол Улс 9 дүгээр сарын 7-нд болдог Цэлмэг тэнгэр, цэвэр агаарын төлөөх олон улсын өдөрт ямар бэлэг барих нь сонин.  

Тоон мэдээллийг товчлон хүргэе.

Хэт төвлөрөл, бохирдлыг дийлэхээ больсон

Улаанбаатар хотын нийт өрхийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч өвлийг өнөтэй давахын тулд нүүрс, сайжруулсан түлш, хагас коксожсон түлш түлнэ. Дулааны асуудлыг шийдэх гарц энэ жилийн хувьд Хятадаас импортлох хагас коксожсон шахмал түлш.

Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв

Агаар бохирдуулагч бодисын агууламж маш аюултай түвшинд очсон

Жилийн хүйтэн саруудад агаар дахь бохирдуулагч бодис эрс ихсэж, Улаанбаатарын агаар хорт тоосонцроор дүүрдэг. Агаар бохирдуулагч бодисын агууламж жил бүрийн 10 дугаар сараас дараа оны 4 дүгээр сар хүртэл Монгол Улсын үндэсний стандарт болон ДЭМБ-аас зөвшөөрсөн хүлцэж болох хэмжээнээс хэтэрдэг. Агаар хүн амьсгалахад маш аюултай болдог.

Дундаж насыг 8.6 сараар богиносгодог

ДЭМБ-ын мэдээлснээр агаарын бохирдол хүн амын дундаж насыг 8.6 сараар богиносгож байгаа тухай судалгаа гарчээ. Европын хамгийн бохир агаартай хотуудад PM2.5-ын түвшин ДЭМБ-ын агаарын бохирдлын удирдамжид заасан хэмжээнд байдаг бол дундаж нас 20 сараар нэмэгдэх боломжтой байв.

Харин Монголчуудын нас хэдээр хорогдож байгаа бол?

Ажлын бүтээмж буурна

2060 он гэхэд агаарын бохирдлын улмаас хөдөлмөрийн бүтээмж, эрүүл мэндийн зардал, хөдөө аж ахуйн гарцад үзүүлэх нөлөөний өртөг ДНБ-ий 1%-тай тэнцэнэ. Дэлхийн хэмжээнд ажлын алдагдсан өдрийн тоо 3.75 тэрбум өдөрт хүрнэ гэж тооцжээ. Нарийн ширхэгт тоосонцор РМ2.5 болон озоны агууламж нэмэгдсэнээр өвчтөний болон эмнэлэгт хэвтэгсдийн тоо нэмэгдэх, эрүүл мэндийн зардал өсөх, өвчилсөн өдрүүдэд олшрох, ажлын бүтээмж буурах зэрэг сөрөг нөлөө гарна гэж үзэж байна.

Парисын хэлэлцээр юу болов

Парисын 2015 оны хэлэлцээрийн үеэр Засгийн газрууд 2050 он гэхэд Дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэмээс бага болгон, агаарын бохирдлыг бууруулах замаар жилд сая орчим хүний амийг аврах боломжтой гэжээ. Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдсэн орны нэг. Амлалтаа биелүүлэх дорвитой өөрчлөлт хаана байна вэ?

Чимээгүй үхэл таригч

Үл үзэгдэх тоосонцор бол бидний уушиг, зүрх, цус, тархинд нэвтэрдэг. Энэ нь багтраа, цус харвалт, зүрхний шигдээс, хорт хавдар, оюуны хомсдол зэрэг өвчин тусахад нөлөөлдөг. Жин багатай хүүхэд төрөх, ураг амьгүй төрөх, зулбах зэрэг эрсдэлд хүргэдэг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *