Вакцин авах нэрээр 3.9 тэрбум төгрөг завшжээ


Нийтийн албан тушаалтан Д.Т, З.Б нар гэнэт хөрөнгөжсөн үндэслэл болон хөрөнгө, орлогоо АТГ-т нотолж чадаагүй байна. Д.Т 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан боловч уг мөнгийг хаанаас яаж олсноо тайлбарлаж чадаагүй аж. Мөн их хэмжээний мөнгөнийхөө эх үүсвэрийг ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй, нуун дарагдуулжээ. Түүнээс АТГ-ын ажилтнууд хөрөнгө, орлогын эх үүсвэрээ нотлохыг шаардахад, хууль ёсных болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэнэ.

Тэд яаралтай дархлаажуулалт нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Хестер биосайнсес лимитед” компанитай вакцин худалдан авах гэрээ байгуулж, 2018-2020 оны хооронд тус компани руу улсын төсвөөс нийт 3 тэрбум 927 сая төгрөг шилжүүлжээ. З.Б нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Д.Т-д улсын төсвийн мөнгийг хувьдаа завшихад нь дэмжлэг үзүүлж, өөртөө 2 тэрбум 78 сая төгрөг завшжээ.

Албан тушаалаа урвуулан ашигласан, гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, мөнгө угаасан хэрэгт тэдэнд нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн 7 хоногт шилжүүлсэн байна.   


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *