Дугуйчид олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль хүртлээ


Монголын дугуйн үндэсний шигшээ багийнхан өнгөрсөн амралтын өдрүүдэд дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцлоо.

Тодруулбал, Монголын дугуйн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Roojai insurance” клубийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр Оманд зохион байгуулсан “Зафар классик-2025” уралдаанаас хүрэл медаль хүртэж, чансаагаа 25 оноогоор ахиулжээ. Уг уралдаан Мугсейл далайн эргээс Дарбаттын хүрхрээ хүртэл 174 км замд үргэлжилсэн байна.

Харин “Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээний элит ангилалд үндэсний шигшээ баг, Catco Racing Team, Huansheng – Vonoa – Taishan Sport багийн тамирчин ОУХМ Э.Болор-Эрдэнэ тэргүүлж аваргын Алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв.

Мөн олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ Хятадын Шанхай хотод болсон “Tour of Shanghai” цувралын ээлжит гараанд уралдаж, Азийн шилдэг дугуйчны цамцаа хадгалж үлдлээ. Түүнчлэн уулын дугуйн УАШТ-д үндэсний шигшээ баг, Төв ургац клуб, Nusantara – BYC багийн гишүүн ОУХМ Х.Тэмүүлэн Элит ангилалд анхны түрүүгээ хүртэж Монгол улсын аварга боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *