Нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд хэрэгжиж байгаа Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль болон олон улсын стандартын дагуу боловсруулж байгаа юм. Мөн Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн төсөлд бүх нийтийн оролцоог хангах үүднээс ubmetro@ipiu.mn цахим хаягаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч эхэлжээ.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажил 50 хувь, нийгмийн нөлөөллийн үнэлгээ 30 орчим хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, нийгмийн суурь судалгааны ажлын хүрээнд нийслэлийн таван дүүргийн 48 хороонд өрхийн судалгааг гаргахаас гадна жижиг, дунд бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэн судлаачид, тухайн орон нутгийн төсөл хөгжүүлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал зөвлөмжийг тусган ажиллаж байна.