Толгойт орчмыг орон сууцжуулах газар чөлөөлөлт 4 дүгээр хорооноос эхэллээ.
4 дүгээр хороо нийт 63 га талбай газар нутагтай 901 нэгж талбартай бөгөөд хороог бүхэлд нь чөлөөлөх юм байна. Ингэхдээ хороог 4 багцад хувааж эхний ээлжид 6.5 га талбайн 145 нэгж талбарыг энэ жилдээ багтаж газар чөлөөлөхөөр ажиллаж байна. Хэрэв ингэж чадвал тухайн байршилд 2000 айлын орон сууцны барилга барих ажил эхэлнэ.
Эхний ээлжийн газар чөлөөлөлт хийгдсэнээр 1194 янданг буулгаж, гэр хорооллын 993 нүхэн жорлонг байхгүй болгох боломжтой. Энэ хэрээр гэр хорооллоос үүдэлтэй агаар орчны бохирдол, хөрсний бохирдол, эвдрэл буурах тооцоо гарчээ.
Иргэдийн 90 гаруй хувь нь газар чөлөөлөлтийн ажлыг дэмжиж дүүрэг, хороотой хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.