Г.Дамдинням: Өнгөт металлын салбараа дэлхийд гаргах чухал асуудал юм


“Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил” өндөр түвшний уулзалт өнөөдөр Эрдэнэт хотод болж байна. “Уул уурхайн долоо хоног”-ийн эхлэл болж, зэсийн салбарын нөхцөл байдал болон ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцлээ.

Уулзалтад, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци болон БНХАУ, Канад улсын уул уурхайн ассоциаци оролцож байна.

Г.Ёндон -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал:

– Уул уурхайн салбар бол Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол тулгуур. Төрийн өмчийн компаниудыг түүчээлэн тогтвортой уул уурхайн стандартыг хэрэгжүүлж байна. Энэ стандарт шийдвэр гаргалт, стратеги, хүний нөөцийн бодлогыг чиглүүлэх үндэс болно.

Г.Дамдинням -АҮЭБ-ийн сайд:

-Уул уурхайн асуудал нь зөвхөн салбарын бус, улс орны чухал асуудал гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр дундаа Монголын хоёр дахь том бүтээгдэхүүн болох зэсийн салбарын гол төлөөллүүд энд цугласан нь “Уул уурхайн долоо хоног”-ийн өмнө олон нийтэд салбарын чиг хандлагыг харуулах том утга агуулж байна.

Монгол Улсын эдийн засгийн суурь уул уурхайн салбараас хамааралтай гэдэгтэй хэн ч маргахгүй. Хуулийн шинэчлэл яригдаж, салбарын хөгжлийг тодорхойлох үед ганцхан нүүрснээс хамааралтай эдийн засгаа хэрхэн өөрчлөх, өнгөт металлын салбараа дэлхийд хэрхэн гаргах, зах зээлд байр сууриа хэрхэн эзлэх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал юм.

Нүүрсний салбарт туршлага хуримтлуулж, алдаа оноогоо бид засаж байгаа. Одоо өнгөт металлын салбарын тоглогч болох бодлогоо хэрэгжүүлэх цаг ирсэн. Тиймээс хуулийн шинэчлэлийг энэ чиглэлд чиглүүлэх, ахиц дэвшил гаргах байдлаар энэ уулзалт зохион байгуулагдаж байна.

Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд газруудын 10 хувийг хөрөнгийн биржид арилжаалах суурь нь сайн засаглалыг бүрдүүлэхэд оршдог. Сайн засаглалыг хэрэгжүүлснээр компаниуд өндөр үнэлгээтэйгээр олон улсын зах зээлд IPO хийх боломжтой болж, энэ зорилтын суурь нь TSM стандарт болно гэж Эрдэнэт үйлдвэр болон салбарын бусад байгууллагууд үзэж байна. Иймд зөв засаглалыг бүрдүүлэх нь уул уурхайн салбарт тулгамдсан хамгийн том асуудлыг шийдэх түлхүүр юм.

Г.Батцэнгэл -МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн дарга:

– Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэн ажиллуулахын тулд хууль эрх зүйн шинэчлэл, байгалийн баялгийг зөв ашиглах, иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх асуудал чухал.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *