Д.Дашзэвэг: Миний хүү эдгэх боломжгүй гэмтэл авсан


Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Баатарсайханы Амарсайхан нарт зодуулсан хохирогч хүүгийн аав Д.Дашзэвэгээс сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа.

-Хүүгийн чинь биеийн байдал ямархуу байна вэ. Солонгост ямар хагалгаа хийлгэсэн бэ?

-Зөрүүтэй мэдээлэл гадуур яваад байх шиг байна. Яллагдагчийн ар гэр манай хүүг “Эрүүл саруул эдгээд ирчихсэн. Зүгээр явж байгаа” гэсэн мэдээлэл түгээсэн. Эдгэх боломжгүй гэмтэл авсан. Нүүрний цөмөрсөн ясыг нь наашлуулах хагалгааг сая Солонгост хийлгээд ирсэн. Хугарсан, цөмөрсөн ясыг нь эвлүүлж хадсан. Дараагийн хагалгаа 6-8 сарын дараа хийнэ. Тархинд нь цус хурсан. Тэрийг шимэгдүүлэх эмчилгээ хийж байна. Нүдний харааны асуудал байна. Тэр бүхнээсээ болоод байга эмчийн хяналтад байгаа.

Сая хэд хоногийн завсар гарахаар нь гэртээ ирж, хэд хоног тэнхрээд, одоо бүтэн сайнд Солонгос руу эмнэлэг рүүгээ явах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл сая манай хүүхдийг хөнгөн гэмтэл учруулсан гэж яллагдагчаар татаад, сая хилийн хориг тавих шүүх хурал боллоо. Яллагдагчаар татах бол байх л асуудал байх. Зодооны үед зугтах гэж байхад нь таксинаас татаж буулгаад, зууралдаж, ноцолдсон. Бичлэг дээр байгаа. Тэр үед үүссэн юм уу, мэдэхгүй. Үүнийг цагдаагийн байгууллага прокурорын хяналтад шалгаж, тогтоох байх.

Хилийн хориг бол арай чангадсан асуудал байсан. Хяналтад байх ёстой юм байна лээ. Эмч нар нь тэгж зөвлөсөн. 15-наас эхлээд эмнэлгийн үзлэг, хяналтандаа орох гээд цаг авчихсан. Тэгээд явах хүсэлтэй байна.

Танай хүүд хилийн хориг тавих саналыг хэн гаргасан юм бол?

-Мөрдөгч гаргасан гэсэн. Бодвол яллагдагч тал хохирогч тал гэж байгаа тал гаргасан байлгүй дээ.

-Хилийн хориг тавьчихвал гадаад руу эмчилгээнд явах боломжгүй болно биз дээ?

-Хилийн хориг тавьчихвал гадаад руу эмчилгээнд явах боломжгүй болно. Эмчилгээний дундуур түр ирээд, буцаад хяналтандаа явах энэ үед хилийн хориг тавихгүй байх гэж итгэж байна. Бид эмчилгээнд явах хүсэлтээ илэрхийлсэн.

-Зодоон болсны дараа хүү чинь очиж зодолдсон учраас хөнгөн гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байх гэсэн таамаг байна. Юу болсон юм бол?

-Цохиулаад унаад, дээрэлхүүлээд, үг хэлээр доромжлуулсны дараагаар өт ч гэсэн биед нь хүрвэл арвалзана гэдэг шиг ямар нэг үйлдэл тухайн үед болох л байлгүй дээ, бодвол.

Хүүгийн чинь сэтгэл санаа ямар байгаа вэ?

-Сэтгэл санаа нь маш хүнд байгаа. Эрүүл саруул, бусад залуус шиг сургууль төгсөөд ирсэн. Мэргэжлээрээ ажиллана, сайн сайхан юм хийнэ гэж мөрөөдөж явсан. Цаашдаа юу тохиолдохыг, гэмтлээс үүдээд биед нь юу учрахыг мэдэхгүй.

Ер нь хүн хийсэн хэргийнхээ хор холбогдлыг арилгах ёстой. Ялаа эдлэх ёстой.

-Хэргийг хэр шударга шалгаж байна?

-Шударга явагдаасай л гэж хүсэж байна.

Ар гэрээс нь тантай холбогдсон уу?

-Холбогдсон. Эцэг эхчүүд нь ирж уучлалт гуйсан. Эмчилгээнийх нь зардлыг эмнэлэг рүү нь шилжүүлсэн.

-Мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд шүү дээ?

-Мөнгөтэй байлаа гээд дургүйцэж байгаа энэ олон хүнийг, нийгмийг худалдаад авчхаж чадахгүй л байлгүй дээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *