Ж.Чинбүрэн: Э тарваганы мах идсэнээ хэлээгүй


Засгийн газар өнөөдөр тарваган тахалтай холбоотой асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Ж.Чинбүрэн сайд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: 

-Нэгдүгээр зэргийн хавьтал 113 иргэнийг хяналтад аваад байна. Хөвсгөл, Цагаан-Уул сумаас гарах хөдөлгөөнийг энэ сарын 15 хүртэл хааж, хатуу дэглэм тогтоосон. Сургууль, цэцэрлэг хаагдсан гэсэн үг. Мөн ЗӨСҮТ, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн явуулын баг газар дээр нь ажиллаж байна. Хөвсгөл аймгаас өөр аймаг, суманд тарваган тахлаар хүн өвчлөөгүй байна.

Цагаан-Уул суманд анх халдвар авсан Э гэгч иргэн эмнэлгүүдээр нэлээд явсан байсан. Ингэж явахдаа тарваганы мах идсэн, тарваганы түүхий маханд хүрсэн гэдгээ мэдээлээгүй. Энэ нь оношилгоог удаашруулах ноцтой байдал үүсгэсэн. Комд орсон үед нь ар гэрийнхэн нь түүнийг тарваганы мах идсэнийг хэлсэн. Ингэж мэдэж, онош батлагдсан.

Энэ хооронд сумынхаа эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрчимт эмчилгээний тасгаар явсан. Комд орсон хойноо ч өөр эрчимт эмчилгээ шаардлагатай хүмүүстэй, дээрээс нь эмнэлгийн ажилчид дотоод халдвар авах гээд маш ноцтой байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын болон Сүрьеэгийн тасаг улаан бүс болсон.

Тарваган тахал ямар ноцтойг монголчууд бид бүгдээрээ мэднэ. Үүнээс сэргийлэх гол зүйл бол байгалийн голомттой газраас тарвага агнахгүй байх нь чухал. Манай эрүүл мэндийн байгууллагын ажилчид тарваган тахлын голомттой газрын хүн халуурсан, булчирхай нь томорсон байвал шууд тарваган тахал гэж сэжиглэдэг болох хэрэгтэй. Иргэд үнэнээ хэлэхгүй, мэдээллээ зөв өгөхгүй бол ямар аюултайг саяны тохиолдол харууллаа.

-Манай улсад тарваган тахлын вакцин байна уу?

-Монгол Улсад тарваган тахлын эсрэг вакциныг зөвхөн халдвар авах өндөр эрсдэлтэй анчид, малчид, холбогдох ажилтнуудад хийдэг. Гэвч сүүлийн жилүүдэд вакцин оруулж ирээгүй. Учир нь уг вакциныг зөвхөн ОХУ болон Украинд үйлдвэрлэдэг. Монгол Улс ДЭМБ-ын шаардлагыг давсан вакцин оруулж ирдэг байсан. Гэвч уг шаардлагыг давж, вакцин оруулж ирэх аж ахуйн нэгж байхгүй байна. Тиймээс цаашид зайлшгүй тохиолдолд ашиглах тарваган тахлын эсрэг вакциныг нөөцлөхөд онцгой анхаарна. Одоогийн байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэрээр хүн өвчилсөн. Уушгины хэлбэрт шилжсэн тохиолдол гараагүй байна.

Манай улсад тарваган тахлын аль хэлбэр нь гараад байна вэ? Уушгины хэлбэрийн тахал туссан хүн байна уу? Энэ өвчин хэр хурдан халддаг вэ?

-Уушгины тахалтай хүн нэг найтаахад нөгөө хүнд халдах эрсдэлтэй. Уушгиных уу, булчирхайнх уу гэдэг нь их чухал байдаг. 2 голомт хоёулаа булчирхайнх. Халдвар авсан анхны хүн булчирхайн хэлбэрийн тахлаар өвчилсөн. Гэхдээ бие нь хүндрээд, амьсгалын аппаратад орсон. Үүнээсээ болоод уушгины хэлбэрт шилжсэн. Тиймээс ноцтой гэж болгоомжлоод байгаа юм.

-Халдвараа алдчихсан юм биш үү?

-Хавьтлыг яаж илрүүлдгийг та бүхэн ковидоос хойш мэднэ шүү дээ. Одоогоор хавьтлын 110 хүн байгаа. Эрдэнэтэд 1 хүн сэжигтэй байсан ч шинжилгээний хариу сөрөг гарсан. Хөвсгөлөөс халдвар алдаагүй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *