Хөвсгөл аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахал өвчинтэй холбоотойгоор тогтоосон хөл хорионы дэглэмийг 3 хоногоор сунгав. Мөрөн, Цагаан-Уул сумыг 9-р сарын 10 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн юм. Энэ хугацааг 9-р сарын 13 болгож, сунгалаа. Энэ хугацаанд эдгээр сумаас иргэдийг гаргахгүй, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй.
Хөл хорионы дэглэм сахиулахаар Цагаан-Уул суманд 13, Мөрөнд 8 пост гарган ажиллуулж байна. Мөрөнгийн постуудад 1 ээлжинд 4 хүн ажиллаж байна. Цагаан-Уулын постуудад нийт 77 хүн 24 цагаар ажиллаж байна. Мөрөн сумаас албан томилолт, өвчин гэх мэт 3 шалтгаанаар 770 иргэнийг гаргажээ.