“MiningWeek & MinePro 2025”  маргааш эхэлнэ


“Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт & Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор болох эрдэс баялгийн салбарын томоохон арга хэмжээ маргааш Налайх дүүргийн Тайж уулын бэлд эхэлж гурав хоног үргэлжилнэ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран “MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Эхний өдрийн арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан,  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар оролцож эрдэс баялгийн салбарын өнөөгийн чиг хандлага, төрөөс баримтлах бодлогын талаар илтгэл хэлэлцүүлэх юм байна.

Мөн Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд, дотоод, гадаадын зочид болон салбарын мэргэжилтнүүд оролцох юм. Олон улсын нэр хүндтэй салбарын холбоод оролцох бөгөөд тухайлбал, “Тогтвортой Хариуцлагатай Уул уурхай” (TSM) стандартыг боловсруулсан Канадын Уул уурхайн ассоциаци, хөрөнгө оруулалт болон экспортыг өргөжүүлэх чиглэлээр МУУҮА-тай хамтран ажиллаж буй Хятадын Уул уурхайн ассоциаци өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.
 Тус арга хэмжээ нь үйлдвэржилт, хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалт, олон улсын чиг хандлага, геологийн судалгаа, хайгуул, шинэ эрчим хүч, газрын тосны салбарын сорилт, дэвшилтэт технологи зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарч, оролцогч талууд үйлдвэржилтийн гинжин хэлхээг тогтвортой хангах, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх бодлого, чиг хандлагыг хэлэлцэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *